БАЯН-ӨЛГИЙ: Залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэхийг хүсэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-08-22 12:56:38

Өлгий /МОНЦАМЭ/. Залуучуудын үндэсний IX чуулган “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход залуусын бүтээлч хамтын оролцоо” уриан дор энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод болно.


Уг үндэсний чуулганыг угтан Баян-Өлгий аймгийн залуучууд “Орон нутгийн хөгжилд залуусын хамтын оролцоо” сэдвээр энэ энэ сарын 21-ний өдөр Өлгий хотод чууллаа.


Дэд чуулганд аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Бауыржан нар оролцож орон нутгийн залуучуудын санал, санаачилгыг сонсов.


Дэд чуулганы үеэр үндэсний чуулганд оролцох төрийн албан хаагч, малчин, иргэний нийгмийн байгууллага, гарааны бизнес эрхлэгч залуусын төлөөллийг сонголоо. Мөн залуучуудын хөдөлмөр эрхлэлт, ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд залуучуудын оролцоо, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж, саналуудаа үндэсний чуулганы зохион байгуулах багт хүргүүлэв.


Үүнд:

  • Хог хаягдлыг дахин боловсруулах, ангилахтай холбоотой ард иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зөв дадал хэвшүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах;
  • Залуучууд болон залуу гэр бүлүүд өөрсдийн амьдрах орчноо ногоон болгох, аж ахуй эрхэлж өрхийн санхүү, хэрэглээгээ хангахад шаардлагатай боломж бүрдүүлэх;
  • Гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн боловсрол олгоход анхаарал тавих;
  • Залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэх;
  • Тэрбум мод хөтөлбөрийн хүрээнд төр болон залуучуудын хамтын оролцоогоор орон нутагт залуучуудын төгөл бий болгох зэрэг саналуудыг гаргаж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад уламжилж ажил хэрэг болгохоор тогтлоо. 
Холбоотой мэдээ