Монголын Олон Улсын Арбитр хүлээн авсан хэрэг жил бүр өссөөр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-24 16:50:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Олон улсын Арбитр хүлээн авсан хэрэг жил бүр 96.5 хувиар, шийдвэрлэсэн хэрэг сүүлийн гурван жилд 116.4 хувиар өссөн байна.


Маргааныг шүүхийн бус журмаар шийдэх ажиллагаа буюу арбитр, эвлэрүүлэн зуучлал нь хил дамнасан маргааныг шийдвэрлэх, ялангуяа дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалтын хүрээнд өргөн хэрэглэгддэг, үр дүнтэй арга юм. Уян хатан байдал, төвийг сахих, нууцлалыг хадгалах, 170 гаруй оронд шийдвэр хэрэгжих зэрэг олон давуу талтай. Иймд Арбитрын тухай хуулийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн боловсруулж буйг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Монголд анх удаа зохион байгуулж буй “Монголын арбитрын өдөр-2023” олон улсын хурлын нээлтийн үеэр онцоллоо.


МОУА-ын дарга С.Энхцэцэг Арбитрын байгууллагыг институтийн түвшинд хөгжүүлэхэд олон улсын жишгээс суралцах, гадаад харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх, ажлын албаны ажилтнууд, арбитрчдын чадавхыг сайжруулах, дотоодын хуульчид, олон улсын арбитрчдыг арбитрчдын нэрсийн жагсаалтад бүртгэж, арбитрын хэрэглэгчдийг хараат бус, чадварлаг арбитрчдын сонголтоор нэмэх, цахим арбитрыг хэрэглээнд тун удахгүй нэвтрүүлэх зэрэг ажил үргэлжлүүлэх нь чухал гэв.



Хуралд Олон улсын арбитрын шүүхэд Монгол Улс хариуцагчаар татагдсан олон хэрэгт Засгийн газрыг төлөөлж өмгөөлөгчөөр оролцсон Майкл Нолан, Олон Улсын Худалдааны Танхимын дэргэдэх Арбитрын дэд ерөнхийлөгч Бао Чан, Хөрөнгө оруулалтын арбитрын маргаанд Засгийн газрыг төлөөлж буй Испани Улсын хуульч Патриция Нацименто зэрэг арбитрчид оролцож байна. Энэ үеэр Монгол Улсад болон бүс нутагт арбитр, шүүхийн бус журмаар маргаан шийдэх ажиллагаа хэрхэн хөгжиж байгаа онцлог, цаашдын чиг хандлага, Арбитрын хэлэлцээрийг талууд хэрхэн байгуулах, хөрөнгө оруулалт, уул уурхайн маргаан, түүнийг арбитраар хянан шийдэхтэй холбоотой сургамж, ирээдүйн хандлага, Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч биелүүлэх эрх зүйн орчин зэрэг тулгамдсан асуудлаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж байна. 



Холбоотой мэдээ