Ж.Пауэлл: Инфляц хэт өндөр хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-08-26 13:09:00

ВАШИНГТОН. /Reuters/. Бодлого боловсруулагчид зогсолтгүй өсөж буй инфляцтай тэмцэхийн тулд бодлогын хүүгээ үргэлжлүүлэн нэмэгдүүлж магадгүй гэж АНУ-ын Холбооны нөөцийн сангийн /ХНС/ тэргүүн Жером Пауэлл мэдэгдлээ.


Тэрбээр энэ тухай баасан гарагт Вайоминг муж улсын Жексон-Хоул хөндийд болдог жил тутмын бага хурлын үеэр хэлсэн байна. ХНС-гийн бодлого боловсруулагчид инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүгээ хэд хэдэн удаа өсгөсөн бөгөөд ингэснээр нөхцөл байдал сайжирч буй нь ажиглагдсан юм.


Ж.Пауэлл хэлэхдээ, Хэдийгээр инфляц оргил цэгт хүрч байсан үетэй харьцуулахад буураад байгаа нь сайшаалтай хэрэг боловч хэт өндөр хэвээр байна. Бид шаардлагатай тохиолдолд хүүг цаашид өсгөхөд бэлэн байгаа бөгөөд инфляц зорилтот түвшин рүү тогтвортой буурна гэдэгт итгэлтэй болох хүртлээ хязгаарлах бодлогыг хэрэгжүүлэх бодолтой байна” гэв. Түүнчлэн үнийн өсөлт ХНС-ын зорилтот хоёр хувиас илүү хурдацтай хэвээр байгааг онцолжээ.


ХНС-гийн цаашдын алхмуудыг тандан мэдэхийг хүсэж буй хүмүүс Жексон-Хоулд болсон уулзалтын явцыг анхааралтай ажиглаж байна. Энэхүү уулзалт нь дэлхийн улс орнуудын эдийн засагчид, Төв банкуудын удирдлагуудын анхаарлыг зүй ёсоор татдаг билээ.




 

Холбоотой мэдээ