Тусгаар улсуудад зориулсан сангаас Тайваньд тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-08-31 10:51:38

ВАШИНГТОН. /VOA/. Тусгаар тогтносон улсуудад зориулсан цэргийн санхүүжилтийн хөтөлбөрийн /FMF/ хүрээнд Тайваньд цэргийн тусламж үзүүлэхийг Жо Байдены засаг захиргаа дэмжжээ. Энэ тухай Цагаан ордноос Конгресст илгээсэн хүсэлтэд дурджээ.

Уг баримт бичигт, FMF хөтөлбөрийн сангуудаас 80 сая доллар хүртэлх хэмжээний мөнгөн хөрөнгийг Тайванийг дэмжихэд зориулахаар Төрийн Департамент шийдвэрлэснийг Конгрессийн зохих байнгын хороодод мэдээлсэн байна.

“Батлан хамгаалахын хамтарсан ба хосолмол чадавхийг ашиглан Тайваний өөрийгөө хамгаалах боломжийг бэхжүүлэх, далай тэнгисийн орон зай дахь нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүлээн авах ба далай тэнгисийн аюулгүй байдлыг хангах боломжийг сайжруулахад FMF хөтөлбөрийг чиглүүлнэ” гэж дээрх хүсэлт мэдээлэлд дурджээ.

FMF бол Америкийн зэвсэг техникийг худалдан авах, цэргийн бэлтгэл сургуулилт явуулахад нь гадаадын улс орнуудад тусламж үзүүлэх зорилгоор байгуулагдсан хамгийн том сан бөгөөд түүнийг Төрийн Департамент хянаж удирддаг.  

Дээрх шийдвэр нь Хятад улсын дургүйцлийг хүргэх нь тодорхой байна. АНУ-ын зүгээс аюулгүй байдлын салбарт Тайваньд тусламж үзүүлж байгааг өмнө нь Бээжин эрс буруушаан эсэргүүцэж байсан бөгөөд тус аралд үзүүлж буй цэргийн тусламжаа зогсоохыг шаардаж байв. БНХАУ-ын удирдлага Тайванийг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг бөгөөд Вашингтон, Тайбэй хоёрын хооронд ямар ч хэлбэрээр албан ёсны хэлхээ холбоо тогтоохыг эсэргүүцдэг.

АНУ бол Тайваний хувьд хамгийн том зэвсэг нийлүүлэгч бөгөөд Тайбэйд 345 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ гэдгээ өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.

 

Холбоотой мэдээ