Орос, Беларусь, Ираны төлөөлөгчдийг Нобелийн хүлээн авалтад урьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-01 11:18:46

СТОКГОЛЬМ. /ВВС/. Энэ оны Нобелийн шагнал гардуулах ёслолын дараа болох хүлээн авалтад Орос, Беларусийн төлөөлөгчдийг урьсан тухай Нобелийн сан мэдэгдлээ.


Өнгөрсөн оны хүлээн авалтад тус хоёр улсаас гадна Ираны төлөөлөгчдийг уриагүй юм. Орос, Беларусь хоёрыг уриагүй нь Украины эсрэг Орос улс дайн өдөөсөнтэй холбоотой байжээ. Харин Иран оролцоогүй нь тус улсад хүний эрхийг зөрчиж буйгаас шалтгаалсан байна.


Түүнчлэн цагаачлалын эсрэг бодлого баримталдаг Шведийн Ардчилсан намын удирдагч Жимми Акессон-ыг хүлээн авалтанд анх удаа урьсан боловч тэрбээр завгүй гэх шалтгаанаар татгалзсан байна.


Нобелийн сангийн Гүйцэтгэх захирал Видар Хельгесен эдгээр шийдвэрийг тайлбарлахдаа “янз бүрийн үзэл бодолтой хүмүүс хоорондоо харилцан ярилцах нь улам бүр хумигдаж, дэлхий дахин янз бүрийн хүрээллүүдэд хуваагдаж байна. Ийм хандлагыг зогсоохын тулд бид урилга хүлээн авагчдын хүрээг тэлж байгаа бөгөөд энэ нь чөлөөт шинжлэх ухаан, чөлөөт соёл, чөлөөт нийгмийн ач холбогдол, Нобелийн шагналын ач холбогдлыг таниулах зорилготой” гэлээ.


Харин Европын парламентад Шведийн Либерал намаас сонгогдсон гишүүн Карин Карлсбро үүнийг эсэргүүцэж “Нобелийн сан аюултай жишгийг бий болгож байна” гэж буруутгажээ.    

Холбоотой мэдээ