Үндсэн хууль зөрчсөн Гүржийн Ерөнхийлөгчийн эсрэг импичмент зарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-01 17:50:29

ТБИЛИСИ. /ТАСС/. Гүржийн эрх баригч “Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж” намаас Ерөнхийлөгч Саломе Зурабишвили-д итгэл үзүүлэх эсэх асуудлыг хөндөн тавьж эхэллээ.

 

Энэ тухай намын дарга Ираклий Кобахизе мэдэгдсэн бөгөөд засгийн газар татгалзсаар байсан атал төрийн тэргүүн Европт айлчлал хийсэн нь импичментийн асуудлыг сөхөх шалтгаан болжээ.  

 

“Импичментийн асуудлыг хэлэлцэхийн тулд парламентын 100 гишүүний дэмжлэг хэрэгтэй бөгөөд сөрөг хүчнийхний дэмжлэггүйгээр импичмент явуулах боломжгүй. Гэсэн хэдий ч намын улс төрийн зөвлөлөөс импичментийн үйл явцыг эхлүүлэх шийдвэр гаргасан” гэж Кобахизе хэллээ.

 

Түүний тайлбарлан ярьснаар “Ерөнхийлөгч нь гадаад бодлогын асуудлаар улсаа төлөөлөх үүргийг зөвхөн засгийн газрын зөвшөөрлөөр хэрэгжүүлнэ” гэсэн Үндсэн хуулийн заалтыг Зурабишвили бүдүүлгээр зөрчсөн ажээ.  Гүрж улс Европын Холбоонд элсэх магадлал өндөр байгаа энэ үед Ерөнхийлөгч Зурабишвили өөртөө оноо цуглуулахын тулд улс төрийн тоглолт хийж байна гэж эрх баригч намын дарга буруутгасан байна.  

 

Ойрын үед тэрбээр парламент дахь олонхын бүлгийн гишүүдийн гарын үсгийг цуглуулж, импичментийн үйл явцын талаарх хүсэлтээ Үндсэн хуулийн цэцэд хүргүүлэх ажээ.  Цэц дүгнэлтээ нэг сарын дотор гаргах ёстой тул итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалт 10 дугаар сарын дундуур болох төлөвтэй.

 

Саяхан Ерөнхийлөгч Зурабишвили ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайертай уулзсан бол өнөөдөр Европын Зөвлөлийн тэргүүн Ш.Мишельтэй уулзахаар төлөвлөжээ. Харин Ерөнхийлөгчийн 8-12 дугаар саруудад хийхээр төлөвлөсөн гадаад айлчлалуудад Гүржийн засгийн газраас татгалзсан хариуг бичгээр өгсөн байв.   

 

 

Холбоотой мэдээ