ЗАВХАН: Улаагчны хар нуурын усны түвшин багассан шалтгааныг тогтооно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Тус аймгийн нутагт орших Улаагчны хар нуурын түвшин 2012
оноос хойш 30 гаруй см-ээр багасжээ.
Завхан аймгийн
Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн
манхан, урд талаараа өндөр уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнт газар юм.
Тус нуурт хоёр төрлийн загас, арав гаруй төрлийн усны шувууд нүүдэллэн амьдардаг бөгөөд нуурын голд д.т.д 2300 гаруй метр өргөгдсөн их бага хоёр Авгаш арал байдаг. Нуурын урт нь 33 км, өргөн нь 7 км бол гүн нь 16-50 метр байдаг.
Өнөөдрийн
байдлаар нуурын эрэг орчим нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын
чиглэлээр 22 айл, зөвшөөрөлтэй дөрвөн аж
ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна.
Улаагчны хар нуур нь Улаагчны гол болон хур тунадсаар тэжээгддэг. 2012 оноос хойш 30 гаруй см-ээр нуурын түвшин багасаж, 2021 оноос хойш эргээсээ дөрөв орчим метр татагджээ.
Иймд уг шалтгааныг тодорхойлох, цаашид хамгаалах зорилгоор Усны газар болон энэ чиглэлийн эрдэмтэдтэй хамтарсан ажлын хэсэг байгуулж нэн яаралтай ажиллаж эхлэх үүргийг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Завхан аймагт ажиллах үеэрээ Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанд өгсөн. Одоогоор ажлын хэсгийг тодорхой шалтгаан, төсөвтэй холбоотойгоор байгуулаагүй байна.
Гэсэн хэдий ч Улаагчны Хар нуурын орчмын байгалийг хамгаалах, ил задгай хаясан хог хаягдлыг түүж цэвэрлэж ачуулах. Эрэг дагуу аялж буй гадаад, дотоодын аялагчдад элс нурах аюултай байгааг сануулж, усанд болгоомжтой орох, ил задгай хог хаяхгүй байхыг уриалж сурталчилгаа мэдээлэл өгч байна гэж Хяргас нуур сав газрын захиргаанаас мэдээлэв.
Ташрамд, зургаадугаар сараас Улаагчны хар нуурын орчимд өнгөрсөн хавраас эхлүүлэн нийт гурван удаагийн их
цэвэрлэгээг хийж, мал, амьтны сэг зэм, ил задгай хаясан хог хаягдлыг түүж
цэвэрлэж, хогийг ачжээ.
Аялал жуулчлалын улирал эхэлж хоёр удаагийн
их цэвэрлэгээгээр нийт 9 тонн орчим хог хаягдлыг цэвэрлэж ачсан байна. Өнгөрсөн
наймдугаар сард гэхэд Улаагчны хар нуурын орчимд хар нуур
хэсгийн постоос 6 тонн хог цэвэрлэж
хогийн цэгт хүргэжээ.
Мөн нэвтрэх хэсэгт байрлах байрны гадна талын сүүдрэвчийг
сэргээн засварласан байна.