Пап Францисын Монголд хийсэн айлчлал өндөрлөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-04 20:51:51

УЛААНБААТАР. /Reuters/.  Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис хөрш Хятад дахь шашин шүтэх эрх чөлөөний асуудлыг хөндсөнөөр олон улсын ач холбогдолтой болсон Монгол дахь түүхэн айлчлалаа даваа гарагт өндөрлөлөө.


Улаанбаатар хотод Ням гарагт болсон мөргөлийн ёслолын ажиллагааны төгсгөлд  Пап "хятадын ард түмэнд" мэндчилгээ дэвшүүлж, Хятадын католик шашинтнуудыг "Христэд итгэж, сайн иргэд байхыг" уриалжээ.


Даваа гарагт Хятадын Гадаад хэргийн яам Ватикантай харилцаагаа сайжруулах тал дээр нааштай байр суурьтай байгаагаа мэдэгдэв.


Пап Францис цөөхөн тооны католик шашинтнуудтай уулзахаар Монгол улсад айлчилсан юм.  Тэрбээр даваа гарагт Монголын нийслэл хотноо орон гэргүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн болон цагаачдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг Нигүүлслийн өргөөний нээлтийн ажиллагаанд оролцож таван өдрийн айлчлалаа дуусгалаа.


Монголын католик шашны тэргүүн, Италийн кардинал Жоржио Маренгогийн санаачлагаар байгуулагдсан Нигүүлслийн өргөө нь католик шашны байгууллагууд болон орон нутгийн сайн дурынхны ажлыг зохицуулах юм.


Монгол улс нь 3.3 сая хүн амтай бөгөөд хүн амын ихэнх нь Буддын шашинтай. Монголын 1450 католик шашинтнууд бараг бүгдээрээ ням гарагт Паптай хамт байлаа.


Даваа гарагт Хятадын 20 орчим католик шашинтнууд пап ламын цувааг бүчин тойроод адис авахыг оролдсон байна. Өөрсдийгөө эх газрын Хятадаас ирсэн гэдгийг тодотгож, "Есүсийг хайрла" гэсэн бичигтэй дүрэмт хувцас өмссөн сүсэгтнүүд Нигүүлслийн өргөөний гадаа цугларсан байлаа.


Пап Францисийн цувааг тус төвөөс хөдөлж байх үед тэд пап ламд зориулсан Христийн шашны дууллыг мандарин хэлээр дуулж, хамгаалалтаас бултаж, түүний машинд хүрэхийг оролдож, нэг эмэгтэй хамгаалалтыг давж адис авч чаджээ.


Бямба гарагт Пап Франсис Монголыг гэхээсээ илүү Хятад руу хандсан үг хэлж, Католик сүм нь улс төрийн зорилго тээдэггүй тул засгийн газрууд айх зүйл байхгүй гэж мэдэгдсэн байна.


Пап ламын ням гарагт хэлсэн "Христэд итгэж, сайн иргэд байцгаая" гэдэг үг бол католик шашинтнуудад илүү эрх чөлөө олгох нь зөвхөн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тустай гэдгийг коммунист засгийн газруудад итгүүлэхийн тулд байнга ашигладаг Ватиканы хэллэг юм.


 

 

 

Холбоотой мэдээ