Жилл Байдены “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-09-05 12:27:52

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалтад оролцохоор Энэтхэгийг зорихоос хэдхэн хоногийн өмнө тэргүүн хатагтай Жилл Байдены “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тухай Цагаан ордон даваа гарагт мэдээлжээ. Харин Ерөнхийлөгчийн шинжилгээний хариу сөрөг гарсан байна.


Өдгөө 72 настай тэргүүн хатагтайд хөнгөн шинж тэмдгүүд илэрч байгаа бөгөөд тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард коронавирусний халдвар авч байсан юм. Харин 80 настай Ерөнхийлөгч 2022 оны долоодугаар сард “COVID-19”-ийн халдвар авсан нь тогтоогдож байв.


“Өнөө орой тэргүүн хатагтайн “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан. Тэрбээр Делавер муж улсын Рехобот-Бич хот дахь гэр бүлийн байшиндаа байрлах болно” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч Элизабет Александр мэдээлжээ. Харин Жо Байден даваа гаргийн орой Делаверээс ганцаараа онгоцонд суун буцсан байна.


Цагаан ордны мэдэгдэлд, “Тэргүүн хатагтайн шинжилгээний хариу эерэг гарсны дараа Ерөнхийлөгч Байден шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарсан. Ерөнхийлөгч энэ долоо хоногт тогтмол шинжилгээ өгнө, халдварын шинж тэмдэг илрэх эсэхийг ажиглана” хэмээн дурджээ.


Энэ нь Ж.Байдены хилийн чанадад хийх айлчлалд нөлөөлөх эсэхэд Цагаан ордон одоогоор хариу өгөөгүй байна. Гэхдээ тэргүүн хатагтайн оношийг зарласны дараахан гаргасан Жо Байдены долоо хоногийн албан ёсны хуваарьт “Хорийг бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор пүрэв гарагт Шинэ Дели рүү явахаар тусгасан байжээ. Тэрбээр мөн ням гарагт Ханой руу нисэхээр төлөвлөөд байгаа юм.


Ж.Байден 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байгаа бөгөөд түүний нас нь сонгогчдын анхаарлын төвд буй гол асуудал болоод байна. Тэрбээр хоёр дахь удаагаа сонгогдох хүсэлтэй байгаа хамгийн өндөр настай ерөнхийлөгч бөгөөд Бүгд найрамдах намын зарим гишүүний хувьд түүнийг Цагаан ордонд дахин дөрвөн жил ажиллахад хөгшиднө гэж үзэж байна. Харин Ж.Байденыг дэмжигчид түүнийг ерөнхийлөгчийг албыг хашихад тохирно хэмээн үздэг.

 


Холбоотой мэдээ