ХДХВ-ний халдварын эмийг туршихад бэлэн болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2023-09-06 09:58:45

КАНБЕРРА. /BBC/. Хүний дархлал хомсдолын вирусний (ХДХВ) халдварыг эмчлэх найдварыг төрүүлж буй нэгэн эмийн эмнэлзүйн туршилтыг хийхэд бэлэн болжээ. Туршилтыг он дуусахаас өмнө Дани улсад эхлүүлэх гэж байна.


Австралийн эрдэмтдийн хоёр баг Дани улсын судлаачидтай хамтран гаргаж авсан уг эмийн лабораторийн урьдчилсан туршилтын үр дүн ихээхэн найдвар төрүүлж байгаа ажээ. Туршилтын үр дүнгийн талаарх эрдэм шинжилгээний өгүүлэл “Cell Reports Medicine” сэтгүүлд нийтлэгджээ. 


Австраличуудын хийсэн судалгаагаар, “venetoclax” гэдэг уг хорт хавдрын эсрэг эм нь үхлийн аюултай вирусээр халдварласан хүний бие махбод дахь "унтаа эсүүд"-ийг илрүүлж, устгах чадвартай болохыг баттай харуулсан байна. Эмийн туршилтыг Дани улсаас гадна Австралийн Мельбурн хотод ирэх онд хийж эхлэх ажээ. 


VENCLEXTA гэдэг нэрээр борлуулах уг эмийг анх цусны хорт хавдрын түрэмгий хэлбэр болох лейкемитэй тэмцэх зорилгоор гарган авч байжээ. АНУ-д “venetoclax”-ийг хэрэглэх зөвшөөрлийг 2016 онд олгосон бөгөөд хорт хавдартай олон мянган өвчтөнд ач тусаа өгчээ. 


Өнөөдрийн байдлаар ХДХВ-ний халдвар авсан хүний тоо 40 орчим саяд хүрсэн байна.


Холбоотой мэдээ