Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтийн явцыг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-09-05 17:34:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн оны 296 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан юм. Тус журам нь орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газруудыг бичил уурхайчдад ашиглуулах нөхөн сэргээлт хийлгэх үндсэн хоёр зорилготой.


Тус журам батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд журмын хэрэгжилт ямар түвшинд байна вэ, журмыг хэрэгжүүлэгч талуудад тулгамдаж буй асуудал бэрхшээл, гарц шийдлийг хэлэлцэхээр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэгч талуудын нэгдсэн хэлэлцүүлэг, зөвлөгөөн" өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо. 


Зөвлөгөөнд БОАЖЯ, Экологийн цагдаагийн алба, бичил уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагддаг Хэнтий, Сэлэнгэ, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Дундговь аймгийн ЗДТГ-ын албан хаагчид, байгаль орчны байцаагчид, сумдын Засаг дарга нар оролцож бичил уурхайн журмыг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр санал солилцож, нэгдсэн ойлголт мэдээлэлтэй болов. Оролцогчид хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд албан ёсны ажиллах хэсгийг дэмжих, хариуцлага, хяналтыг сайжруулах нь үр дүнтэй болохыг онцолж байлаа. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бичил уурхайг ойлголтоор нь халахаар тусгагдсаныг амьдралд хэрэгжих боломжгүй хэмээн үзэж байв. 


Зөвлөгөөнийг Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо санаачлан Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хууль бус олборлолттой тэмцэх чадавхыг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгууллаа. Тус зөвлөгөөнөөс гарсан санал санаачилгыг нэгтгэж, зөвлөмж болгон оролцогч талуудад хүргүүлэх аж. 



Холбоотой мэдээ