Журам нь хүчингүй болсноос шилдэг багш нар шалгарсангүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-06 14:48:25

Монголын багш нарын өдрөөр Дундговь аймаг шилдэг багш нараа тодруулж, цалингийн хэмжээтэй нь тэнцэхүйц мөнгөн урамшуулал олгодог уламжлал тогтоод байсан юм. Харин өнөө жилийн хувьд шилдэг багш нар тодорсонгүй.

Энэ тухайд аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Ц. Бумангэрэлээс тодруулахад, аймгийн шилдэг багш тодруулах журмыг шинэчлэхээр хуучин журмыг хүчингүй болгосон. Шинэчилсэн журмын төслийг аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд хоёр ч удаа хэлцүүлээд батлагдаагүй буцсан байгаа. Шалгаруулалтын журам хүчингүй болсон учраас шилдэг багш нарыг тодруулах боломжгүй байсан гэдгийг хэлсэн юм.

Боловсролын салбарт багшлах боловсон хүчний тогтвор суурьшлыг хангаж, орон нутагтаа олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж буй багш нарыг урамшуулж, чадварлаг багш нарыг дэмжих зорилгоор шилдэг багш шалгаруулах шийдвэрийг 2011 онд тэр үеийн аймгийн Засаг дарга гаргаж байсан юм.

Шилдэг багш нарт олгох урамшуулалын хэмжээг эргэж харж,  журманд өөрчлөлт оруулахаар аймгийн Засаг дарга өнгөрсөн хавар энэхүү журмыг хүчингүй болгоод байгаа ажээ.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд