“Орхон кластер” нэртэй төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
norovsambuu@montsame.mn
2016-09-16 16:38:10

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрээр Орхон сумын хүнсний ногооны талбайд иргэд,тариаланчидтай уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилтын талаар танилцууллаа.

1968 онд байгуулагдсан Орхон сумын нийт иргэдийн 80 орчим хувь нь төмс, хүнсний ногоо тариалдаг. Жилдээ 8-13 мянган тн ургац хураан авч улсынхаа хүнсний ногооны нийт ургацын 10 гаруй хувийг дангаараа хангадаг. Усалгаатай 1000 гаруй га талбай, усалгаагүй 700 гаруй га-д тариалалт хийдэг тухай тус сумын Засаг дарга Б.Батбаяр танилцууллаа. Энэ жил тариалсанталбайн ургацын дундажаар төмс 3560 тн, хүнсний ногоо 12605.66 тн хурааж аваад байна. Сумын дунджаар 16166 тн төмс, хүнсний ногоо хураах урьдчилсан баланс гарсан нь сүүлийн жилүүдэд байгаагүй өндөр ургац гэж ногоочид ярьж байлаа. Тэд хүнсний ногооны борлуулалт, зоорийн асуудал, иргэдийн гар дээрээс чанаргүй баталгаагүй үр зарагддаг, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудаа салбар яамандаа уламжилсан. Харин Засгийн газрын тэргүүнд Орхон сумын тариаланч, ногоочид саналаа нэгтгэж “Орхон кластер” нэртэй шингэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн төслийг орон нутагт хэрэгжүүлж ажлын байр нэмэгдүүлж байгуулахад дэмжлэг хүслээ. Учир нь хүнсний ногоочид, тариаланчдын өмнө хамгийн эхээр тулгамдсан асуудал нь нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгож “үйлдвэрлэх” асуудал гэнэ. Орхон суманд 1970-1990-ээд он хүртэл БНБАУ-ын техник эдийн засгийн тусламжаар байгуулагдан ажиллаж байсан жимс ногоо, консервийн үйлдвэрийн арвин туршлагыг түшиглэж “Орхон Кластер” нэртэй шингэн бүтээгдэхүүн, жимс жимсгэний төрөл бүрийн ундаа үйлдвэрлэх, төрөл бүрийн ногооны салат, өргөст хэмх дарах, савлах, тоног төхөөрөмж бүхий сав баглааны цогц үйлдвэрлэл байгуулах боломжтой гэж тус сумынхан үзэж байгаагаа хэллээ. Ерөнхий сайд тус сумын ногоочдын тавьсан саналыг сонсоод та бүхний тавьж байгаа саналыг дэмжиж ажиллана гэв. Тэрбээр үдээс хойш Хонгор сумын дөрөвдүгээр бригадын тариан талбайд очиж ургац хураалтын ажилтай танилцаж тус сумын тариаланчидтай уулзалт хийж байгаа бол орой 17 цагаас Дархан хотын “Залуучууд” театрт хотын иргэдтэй уулзалт хийх юм байна.

                                                                                                                                                              Б.Норовсамбуу

 

Холбоотой мэдээ