Чингис хааны сэдэвт үзэсгэлэнг Францад анх удаа толилуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-07 11:21:35

ПАРИС. /Chateaunantes/.  Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагчдын нэг болох Чингис хааны тухай үзэсгэлэнг  “Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ?” сэдвээр Франц улсад анх удаа нээх гэж байна.


Хэдэн жилийн турш бэлтгэсний үр дүнд уг үзэсгэлэн Францын Нант хотын Түүхийн музейд 2023 оны 10 дугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 5 хүртэл нийтийн хүртээл болно.


Чингис хаан болон түүний арми 13 дугаар зуунд Монголын тал нутгаас Хятадын өмнө зүг, Номхон далайгаас Ойрхи Дорнодын хил хүртэл асар том эзэнт гүрнийг байгуулсан билээ.


Монголчууд тухайн үедээ дэлхийн газар нутгийн 22 гаруй хувийг эзэлж, Чингис хааны ач хүү, Монголчуудын их хаан Хубилай Хятадын эзэн хаан болж байлаа. Тэрээр Юань гүрнийг байгуулж, нийслэлээ Даду (одоогийн Бээжин) хотод байгуулжээ. Энэхүү эзэнт гүрнийг байгуулахын тулд олон жилийн турш байлдан дагуулалт хийж,  эцэст нь “Монголын их амар амгалан”-г (Pax Mongolica) цогцлоосон юм.


“Монголын их амар амгалан”-гийн үед Өрнө, Дорнын  хооронд худалдаа, шинжлэх ухаан, соёл урлагийн харилцаа цэцэглэн хөгжиж, үндэстэн хоорондын соёлын солилцооны эрин үеийг бий болгож чадсан юм.


Энэхүү үзэсгэлэнд Монголын үндэсний сан хөмрөгөөс гадна Франц, Европын томоохон музейн үзмэрүүдээр баяжуулсан онцгой үзмэрүүдийг толилуулж, Чингис хааны агуу эзэнт гүрний түүхийг ойлгох боломжийг олгох аж.


Монгол Улсын төрийн дэмжлэгээр үндэсний чухал өв цуглуулгуудыг, түүний дотор Чингис хааны үндэсний шинэ музейгээс түр зээлээр авсан үзмэрүүдийг дэлгэн үзүүлнэ.


Энэхүү үзэсгэлэн нь Монгол, Франц хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм.


Ташрамд дурдахад, үзэсгэлэн болох Бретоны гүнгийн цайз шилтгээн нь жилдээ 1,7 сая үзэгч хүлээн авдаг, жуулчдын тоогоор Францын баруун бүсэд тэргүүлдэг нэр хүндтэй түүхэн газар юм.

Холбоотой мэдээ