Мексикийн түүхэнд анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгч болно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МЕХИКО. /CNN/. Мексикийн эрх баригч нам болох зүүний үзэл баримтлалтай “Morena” үндэсний сэргэн мандалтын хөдөлгөөнөөс 2024 оны зургаадугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Мехико хотын захирагч асан Клаудиа Шейнбаумыг нэр дэвшүүлж байгаагаа зарлалаа.
Шейнбаум намын дотоод сунгаанд ялж, одоогийн Ерөнхийлөгч Андреас Мануэль Лопез Обрадорын залгамжлагчаар тодорчээ. Мексикийн хуульд зааснаар, Обрадорын зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дахин сонгогдох эрхгүй юм.
Өдгөө 61 настай, физикч мэргэжилтэй Шейнбаум одоогийн Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийн хүн ажээ. 2000 онд Мехико хотын дарга болсных нь дараа Обрадор түүнийг нийслэлийн Байгаль орчныг хамгаалах сайдын албан тушаалд ажиллахыг урьж байлаа. Харин 2018 онд тэрбээр өөрийн хүсэлтээр Мехико хотын захирагчийн албыг удирдах болжээ.
Ерөнхийлөгч Обрадор Колумб улсад хийж буй айлчлалаас буцаж ирсний дараа буюу есдүгээр сарын 10-наас хойш Шейнбаумыг сонгуульд нэр дэвшигчээр албан ёсоор бүртгэх төлөвтэй байна.
Санал асуулгын дүнгээс харахад Шейнбаум төрийн тэргүүнээр сонгогдох магадлал 60 орчим хувьтай байна. Энэ бол “Morena” хөдөлгөөний нэр хүндийн чансаа гэж үзэж болно. Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуульд түүний өрсөлдөгч нь мөн л эмэгтэй хүн байх юм. Өнгөрсөн долоо хоногт Мексикийн төвч үзэлт сөрөг хүчний намаас 60 настай сенатч, компьютерийн инженер мэргэжилтэй Шочитл Гальвезийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр танилцуулжээ. Эрч хүчтэй энэ хатагтай 2000 онд Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дэлхийн ирээдүйн 100 удирдагчийн жагсаалтад багтаж байжээ.