ДУНДГОВЬ: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-12 10:02:17
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн дэмжлэгээр Дундговь аймагт байгуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв 9 дүгээр сарын 11-нд нээлтээ хийлээ.


Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг, Засгийн газрын гишүүд, холбогдох яам, агентлагийн албан тушаалтнууд, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн бус байгууллагууд, иргэд, хүүхдүүдийн төлөөлөл оролцлоо.



Нээлтийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн харилцаанд тэгш оролцох боломжийг хангах асуудал бол Засгийн газрын бодлогын төвд байдаг чухал асуудлуудын нэг” хэмээн онцолж, энэ чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа танилцуулан, цаашид тэдэнд чиглэсэн тодорхой шийдвэрүүдийг гаргана гэлээ.


Дундговь аймгийн хэмжээнд 1600 орчим ХБИ, 200 орчим хүүхэд байдаг. Тэдгээр иргэдийг амьдрах аргад сургах, нийгэмшүүлэх, хөгжүүлэх цогц үйлчилгээг үзүүлэх зорилго бүхий Олон Улсын жишигт нийцсэн тус хөгжлийн төвийг барьж байгуулах, тохижуулах, ажилтнуудыг чадавхжуулахад 5,8 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулжээ.


Тус төв 2000 орчим кв.метр талбайтай, эрчим хүчний хэмнэлттэй, орц, гарц, ариун цэврийн өрөө, хаалга, бариул, шат гээд бүхий л орчин, тохижилт нь ямар ч хүн үйлчлүүлэхэд хүртээмжтэй, Олон Улсын жишигт нийцсэн гэдгээрээ онцлогтой. 


Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, үйлчилгээний бусад ажилчид гээд 30 хүн ажиллах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхэд, тэдний гэр бүлд чиглэсэн төрөл бүрийн үйлчилгээг үзүүлнэ. Тухайлбал, сэтгэл зүйн зөвлөгөө, хөдөлмөрт зуучлах, сургалт, мэдээллээр хангах, сэргээн засах зэрэг үйлчилгээ үзүүлж, хүүхдийн хөгжлийн оролцооны хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ. Өмнө нь иргэд портез, ортопедийн тусгай хэрэгслийн засвар хийлгэхээр Улаанбаатар явдаг байсан бол одоо энэ төвөөр үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.


Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын комисс, насанд хүрэгчдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоох эрүүл мэндийн магадлалын зөвлөл энд хуралдаж, үйл ажиллагаагаа явуулахаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо зэрэг ХБИ-ийн чиглэлээр ажилладаг ТББ-ууд тус төвд цаг авч, үйл ажиллагаагаа явуулан хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг тус төвийн удирдлагууд онцолсон юм. 










Холбоотой мэдээ