Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн СХД-ийн Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашаан орчмын 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тогтоолын төслийг НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.
Бумбатын булаг нь Улаанбаатар хотын баруун хойд зүгт
Толгойтын баруун салаа Бумбатын уулнаас эх авч, Толгойтын голд цутгадаг. Энэ
булаг нь Толгойтын баруун салааны зуслангийн бүс орчимд оршин суугч иргэдийн
ундны усны хангамжинд ашиглагдсаар иржээ. Дэлхийн дулаарал, уур амьсгал, цаг агаарын өөрчлөлт, хуурайшилт
ихсэж, хотжилт нэмэгдэж буй энэ үед Бумбатын булгийг унаган
төрхөөр нь хамгаалж, иргэдийг хэрэглээний болон ундны усаар хангах, орчны
бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалж үлдэх шаардлага тулгарч
байна.
Усны нөөцийг хамгаалснаар ус бүрэлдэн тогтох, цэвэр байдлаар
хадгалах нөхцөл бүрдэж, байгалийн аясаар нөхөн сэргэх бүхий л боломжийг хангах юм. Мөн орон нутгийн
хамгаалалтай газрын хамгаалалтын горимд байгалийн төлөв байдлыг хөндөхгүйгээр
судалгаа шинжилгээ хийх, ургамал
амьтны өсөж үржих нөхцөлийг хангах, хөрс хамгаалах зэрэг үйл ажиллагаа явуулах
боломж бүрдэх аж.