ДУНДГОВЬ: "Үлэмжийн чанар" дуунд зориулан хөшөө босгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-14 12:22:35
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Говийн 5 дугаар догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд Дундговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр Сүм хөх бүрд түүхэн дурсгал бүхий байгалийн үзэсгэлэнт газар “Үлэмжийн чанар” дуунд зориулан хөшөө босгожээ.


Энэ үеэр мөн Дундговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь аймгийн хүүхэд багачуудын  дунд ноён хутагтын уран бүтээлийг таниулах, өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Говийн хүүхдүүд” соёл урлагийн наадам болж, наадмын оролцогчид болон МУАЖ А.Нэргүй, МУГЖ Г.Хонгорзул, МУГЖ Ж.Дүнжмаа нар хөшөөний нээлтэд оролцон ая дууны эгшиг өргөсөн байна.


Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг Их газрын чулууны ууланд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын алдрыг мөнхжүүлэн “Уяхан замбуу тивийн наран” дуун хөшөөг босгосон бол “Үлэмжийн чанар” дуун хөшөө нь тус аймагт дуунд зориулан бүтээсэн хоёр дахь хөшөө болж байна.


Сүм хөх бүрд бол Дундговь аймгийн 9 гайхамшгийн нэг, говийн дунд орших үзэсгэлэнт бүрд юм. Нуурын дунд орших жижиг арал дээр XVI-XVII зууны үед барьсан чулуун цайзын туурь байдаг ба түүнийг тойрон үзэхэд өндөр нь 7-8 метр, өргөн нь 10 метр, урт нь 25 метр. 150 сантиметрийн зузаан ханатай 4 хэсэг бүхий том цайз.


Анх XVI зууны үед Төвөдийн нэг ноёны хүү ирж, монголчуудаар цайзыг бариулсан боловч барилгын нурууг нь барьж амжилгүй баривчлагдан эх орондоо буцжээ. Ийнхүү оройгүй сүм үлдсэн гэдэг. Хожим хэд хэдэн удаа дээвэр хийсэн боловч тухай бүр нь аянга бууж эвдсэн учир дээвэргүй үлдсэн гэх домог яриа бий. Барилгын урдуур 40 метр урт давхар чулуун хэрэм байжээ. Эдгээрээс гадна бас нэгэн том барилга байсныг нутгийн ардууд буулгаж малын хашаа барьсан гэх.


Говийн догшин ноён хутагт Данзанравжаа түүх, шашны дурсгалт газар болох говийн үзэсгэлэнт бүрд бүхий Сүх хөх бүрдэд “Саран хөхөө” намтарт бүтээлээ дэглэн тоглуулж байсан ба энэ тухай тэрээр өөрийн намтар цадигтаа дурдсан байдаг ажээ.


Түүний мэндэлсний түүхэн ойг ийнхүү Дундговь аймгийн Адаацаг сумын нутагт байрлах Сүм хөх бүрдэд тэмдэглэж, түүний бүтээсэн “Үлэмжийн чанар” дуун хөшөөг энд босгосон нь ийм учиртай ажээ. 



Холбоотой мэдээ