“Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж”-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-09-18 10:19:09

БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсэний 100 жилийн ойг Дархан-Уул аймагт тэмдэглэв. Түүний ажил амьдралын талаарх түүхэн үнэнийг ард түмэнд тайлбарлан таниулж алдар гавьяаг нь мөнхжүүлэх зорилгоор гарсан УИХ-ын 29 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд  аймгийн ИТХ-ын 87 дугаар тогтоолын гарч уг ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Маршал Ю.Цэдэнбал нь Монгол улсын төрийг удирдаж байх хугацаандаа буюу 1960 оны 4 дүгээр сард ирээдүйн хотын буйрыг Бурхантын хөндийд төлөвлөж МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1961 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн 1/260 дугаар тогтоолоор Улаанбаатар Төмөр замын “Дархан станц”-ын дэргэд Дархан хотыг байгуулах тухай тогтоол гаргаж байжээ. Тиймээс Дархан хотыг үүсгэн байгуулах анхны санаачлагыг төр нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал гаргасан гэж үздэг. Ийнхүү Дархан хотын үндэс суурийг тавьж түүхэн гавьяа байгуулсан эрхэм хүний дурсгалыг хүндэтгэж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Дархан зах”-ын зүүн урд уулзвараас Төмөр замын 8 дугаар байрны баруун урд уулзвар хүртэлх гудамжийг төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгох тухай тогтоол гарснаар уг нэрэмжит гудамжны нээлт болов. Мөн аймгийн ЗДТГ, Төв Музей, Монгол Ардын Нам хамтарч аймгийг үйлдвэржилтийн хот болгох санаачлагыг анх гаргаж их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн түүний мэндэлсний 100 жилийн ойд зориулсан баярын хурлын үеэр Дархан хотын бүтээн байгуулалтад гар бие оролцож явсан долоон ахмадыг “Юмжаагийн Цэдэнбал”-ын нэрэмжит алтан медаль, “Алтан-од” тэмдгээр шагналаа.

                                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ