Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2023-09-15 17:38:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдрийг энэ жил “Озоны давхаргыг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж байна (Montreal Protocol: fixing the ozone layer and reducing climate change)” уриа дор тэмдэглэлээ.


Жил бүрийн энэ өдрийг Монреалийн Протоколд нэгдсэн 198 орон “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг. НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш “Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталж бүх нийтээр цэцэглэн хөгжиж чадах Дэлхийг байгуулцгаая” хэмээн уриалжээ. Тэрбээр, “Уур амьсгалын өөрчлөлтийг зогсоохгүй бол агаарын температурын өсөлт 1.5 хэм хүртэл нэмэгдэнэ. Иймд улс орнуудад Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг батлахыг уриалж, Засгийн газрууд, бизнес эрхлэгч, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, залуусын бүлгүүд, орон нутгийн иргэд хамтдаа бодит өөрчлөлт авчрах хүчин чармайлтаа эрчимжүүлж, хөгжиж буй орнуудад шаардлагатай дэмжлэг үзүүлнэ” хэмээн тэмдэглэсэн байна.


Одоогийн бодлого хэвээр үргэлжлүүлбэл озоны давхарга 2066 оны орчим Антарктид, 2055 он гэхэд Хойд туйлд, 2040 он гэхэд дэлхийн бусад хэсэгт 1980 оны түвшинд хүрч (озоны цоорхой үүсэхээс өмнө) нөхөгдөх төлөвтэй. Озон задалдаг бодисыг хориглож, озоны давхаргыг аажмаар нөхөгдөх боломж олгосноор Монреалийн Протокол нь олон хүнийг арьсны хорт хавдар, нүдний цагаа унах өвчнөөс сэргийлж, экосистемийг хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гэр, сургууль, ажлын байр дахь агааржуулалтын хэрэгцээ нэмэгдэж байгааг зогсоох боломжтой юм.


БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал Ц.Адъяасүрэн энэ өдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр ярихдаа, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Озоны давхаргыг хамгаалах Венын конвенцыг 36 жилийн өмнө баталсан. Шинжлэх ухаан технологийн үр дүнд 1920 онд хлор фторт нүүрстөрөгчийн хий буюу хөргөх шинэ технологи гарган авсан. Энэ үеэс хөргөлт, агааржуулалтын технологид ахиц дэвшил гарсан. Химийн салбарын эрдэмтэд 1975 онд судалгаа хийж, хөргөлтөд хэрэглэдэг бодис нь ууршин, хөргөлтийн төхөөрөмжөөс алдагдаж, озоны давхаргыг цоолж байгааг мэдсэн. Озоны давхарга нь нарнаас ирж буй хэт ягаан туяаг тодорхой хэмжээнд өөртөө шингээдэг. Хэт ягаан туяа хэмжээнээс хэтэрснээр озоны давхарга үгүй болж, хүний биеийн дархлаа сулрах, нүдэнд цагаа унах, болор цайх, арьсны өвчнөөр өвчлөх сөрөг үр дагавар бий болдог. Озоны давхаргыг хамгаалах Венын конвенцыг хэрэгжүүлснээр тус давхаргын цоорхой тодорхой түвшинд нөхөгдөж байгаа” гэв.


Монгол Улс озон задалдаг бодисын импортын хэрэглээг үе шаттай бууруулах, хэрэглээнээс гаргахыг зорьдог. Энэ хүрээнд гидрохлорфторт нүүрстөрөгч, гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын судалгаа хийх зөвлөхүүдийн баг байгуулан, одоогоор 14 аймагт судалгаа хийж байна. Хөргөлт агааржуулалтын тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний импортод тавих гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт ч сайжирсаар байгаа. Тухайлбал, бүртгэлтэй импортлогчдын тоо нэмэгдэж, энэ оны эхний хагас жилд 344 иргэн, аж ахуйн нэгжид озон задалдаг, дулааралд нөлөөлдөг, бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, 3 аж ахуйн нэгжид 1.794 тонн озон задалдаг бодис (HCFC-22)  импортлох зөвшөөрөл олгожээ. Энэ нь 2023 онд озон задалдаг бодисын нийт тоо хэмжээний 24.68 хувийг эзэлж байгаа юм.


Харин гидрохлорфторт нүүрстөрөгч төрлийн бодис агуулсан төрөл бүрийн үйлдвэрлэлийн шугам, түүнд ашиглах бүтээгдэхүүн, техник технологийг 2020 оны нэгдүгээр сараас шинээр зах зээлд нэвтрүүлэх, импортлохыг зогсоогоод байгаа билээ. 

                                                                                                                                                                                    Т.Амаржаргал

Холбоотой мэдээ