ХБНГУ-ын Бундестагийн Тамгын газрын туршлага судаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-18 15:52:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2024 оноос УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүн өргөжиж, сонгуулийн холимог тогтолцоогоор бүрдэх 126 гишүүнтэй болно. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан хийх шинэчлэлтийн талаар судлах, туршлага солилцохоор ХБНГУ-д ажиллав. Тэрбээр Рейхстаг, Бундестагийн Байнгын хороодын ордонд зочилж, ХБНГУ-ын төрийн тогтолцоон дахь парламентын үүрэг, бүтэц, үйл ажиллагааны талаар судалжээ.


Германы Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Михаэл Шөфер Европын Холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд сонгуульт ажлынхаа шугамаар эзгүй байсан тул түүнийг төлөөлөн Парламент болон гишүүдийн асуудал эрхэлсэн дэд дарга, хатагтай Рут Ланг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг хүлээн авч уулзан, Германы Бундестаг болон УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа, намын бүлгүүд, гишүүдийн санхүүжилт, ёс зүйн дүрэм зэрэг асуудлаар санал солилцлоо.


ЕНБД, доктор Л.Өлзийсайхан Монголын хууль тогтоох дээд байгууллагын бүтцээр дамжуулан төрийн тогтолцоонд хийж буй шинэчлэл, түүний зорилго, хүлээж буй үр дүн, бэлтгэл ажлын талаар танилцуулав. Төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангах, хадгалахад гарч буй сорилт, туршлага, мөн төсвийг төлөвлөх, батлах явцад гарч буй өөрчлөлт, хяналтыг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг шийдэх арга замын талаар бусад улс орноос суралцах, Тамгын газрын үйл ажиллагаа, мэргэжил, арга зүйн чадавхыг дээшлүүлэх, техник, зохион байгуулалтын өөрчлөлтийг хугацаа алдахгүй хийх шаардлагатайг дурджээ.


Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нар Бундестагийн болон УИХ-ын гишүүний халдашгүй байдлын хэрэгжилт, тэдний ажлын албаны төсөв, намын болон намын бүлгийн санхүүжилт, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон гишүүдийн нийгмийн асуудлыг шийдэх зэргийг хөндөв. Дэд дарга Рут Ланг “Ажлын албаа санхүүжүүлэх төсвийг Бундестагийн гишүүдэд тус бүрд нь баталж олгодог. Тухайн төсвөөрөө хэчнээн хүнийг, хэрхэн ажиллуулахаа гишүүд өөрсдөө шийддэг. Мөн Бундестагийн гишүүн аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдвол гишүүнээс нь түдгэлзүүлэн шалгадаг ч шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдох хүртэл түүний болон ажилтнуудынх нь цалин хангамж хэвийн үргэлжилдэг. Гэм буруутай нь тогтоогдвол бүрэн эрхийг нь хүчингүй болгох хуультай. Бундестагийн түүхэнд ийм тохиолдол гарч байгаагүй. Бундестагт маш олон гишүүн сонгогдон орж ирсэн учир тэдний харилцаа, ёс зүйн дүрмийг шинэчлээд байгаа. Гишүүдийн халдашгүй байдал бол хувь хүний бус парламентын халдашгүй байдал гэсэн агуулгад зангидагддаг. Парламентын гишүүдийн үйл ажиллагааг сайжруулахын тулд тэдний ажлын албаны албан хаагчдыг бүх талын чадавхжуулах сургалт тогтмол явуулдаг. Сургалтын хөтөлбөр, агуулгыг хуваалцахад бэлэн” гэжээ.


УИХ-ын ЕНБД, доктор Л.Өлзийсайхан Бундестагийн Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Михаэл Шөфер болон хатагтай Рут Лангийг тааламжтай цагтаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт зочлохыг урилаа.



Германы Бундестаг, түүний Тамгын газрын туршлага, сорилт шийдэл, сургамжийг судлах хүрээд УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайхан маш олон уулзалт хийв. ХБНГУ-ын парламентын бүтэц, эрх мэдлийн хуваарилалт, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын харилцан хяналт-тэнцлийг хэрхэн хангадаг болон Бундестагийн үйл ажиллагааны зарчмуудын талаар Парламентын эрх зүйн хэлтсийн зөвлөх, доктор Биргит Рээзэ танилцууллаа.


Бундестаг нь Холбооны хуулиудыг баталж, Засгийн газарт хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд Засгийн газрын тэргүүн, Үндсэн хуулийн дээд шүүхийн шүүгч нар, Батлан хамгаалахын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилдог ажээ. Батлан хамгаалахын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр эдүгээ эмэгтэй гишүүн ажиллаж, армитай холбоотой аливаа асуудлыг Бундестагт оруулж хэлэлцүүлэх үүрэгтэй юм. Харин тус улсын Ерөнхийлөгч бэлгэдлийн шинж чанартай ч Засгийн газрын хямралын үед Бундестагт санал оруулж хэлэлцүүлэх, мөн

Үндсэн хуулийн шүүх парламентаас баталсан хуульд хориг тавих эрхтэй ажээ.


Бундестаг хяналт шалгалтын чиг үүргээ Хянан шалгах түр хороо байгуулах, Засгийн газарт асуулга тавих, Байнгын хорооны хуралдаанд сайд нарын мэдээллийг сонсох гэсэн арга хэрэгслээр хэрэгжүүлдгийг хатагтай Биргит Рээзэ дурдлаа.

Холбооны төсвийг боловсруулан төлөвлөх, хэлэлцэн батлах үйл явц тасралтгүй үргэлжилдэг тул энэ үйл ажиллагааны зохион байгуулалтыг Бундестагийн Төсвийн байнгын хороо, түүний 25 ажлын хэсэг, бусад холбогдох бүтцүүдээр нарийвчлан зохион байгуулдаг тухай тус Байнгын хорооны Ажлын албаны орлогч дарга, хатагтай Соня Вюстник танилцууллаа. Төсвийн Байнгын хороо 45 гишүүнтэй, тэргүүнээр нь Бундестаг дахь хамгийн том сөрөг хүчний төлөөлөл ажилладаг байна.



Төсвийн хуулийг 25 багц төлөвлөлт, тэдгээрийн нэг бүрчилсэн төлөвлөгөөний багц, мөн бодит зарчимд суурилсан санхүүгийн төлөвлөгөө буюу Холбооны өрийн асуудал, зайлшгүй санхүүжүүлэх зардал зэргийг тусгасан багц, бусад гэсэн ангиллуудтай батлан гаргадаг. Баталсан төсвийг хуулийн дагуу захиран зарцуулж байгаа эсэхэд Бундестаг дахь бүх намын төлөөлөл оролцсон Хяналтын хороо Холбооны аудитын газартай хамтран хяналт тавьдаг байна. Энэ нь Байнгын хороо биш бөгөөд Төсвийн тухай хууль батлагдмагц Төсвийн байнгын хороо бүрэн эрхийнхээ хүрээнд байгуулж ажиллуулдаг Дэд хороо болохыг тус хорооны Ажлын албаны дарга, ноён Александр Трохэ тодотгов. Хяналтын хорооны аливаа шийдвэрийг Төсвийн байнгын хороо хэлэлцэн, Байнгын хороо шийдвэрийг тогтоол хэлбэрээр хэлбэржүүлэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлдэг аж.


УИХ-ын ЕНБД, доктор Л.Өлзийсайхан ХБНГУ-д хийж буй туршлага солилцох ажлынхаа хүрээнд улсын төсөв, санхүүгийн тухай хууль, тогтоомжийн төсөл, тэдгээрт хийж буй дүн шинжилгээ, дүгнэлт гаргах хүрээ хязгаар, аргачлал, үйл явцын талаар судалж байгаа. Тиймээс Төсвийн байнгын хороо, Хяналтын хорооны ажлын албаны төлөөлөгчидтэй уулзсаны дараа тэрбээр Бундестагийн Санхүүгийн байнгын хорооны Ажлын албаны дарга, доктор Оливер Фогттой уулзав. Тэрбээр, Санхүүгийн байнгын хороо үндсэндээ татварын эрх зүйн асуудлыг хариуцдагийг тайлбарлаад, Төсвийн байнгын хороо ямар зарлага гаргахыг шийддэг бол манай Байнгын хороо яаж орлого оруулж ирэх вэ гэдгийг хариуцдаг хэмээжээ.



Байнгын хороодыг Засгийн газрын бүтэцтэй уялдуулан зохион байгуулдаг, Байнгын хороод дахь намын бүлгүүдийн төлөөллийг ч мөн уялдуулдаг. Тухайлбал, Санхүүгийн байнгын хорооны тэргүүнийг сөрөг хүчнээс томилсон нь үүнтэй холбоотой аж.


Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Бундестагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, аль Байнгын хороонд шилжүүлэхийг шийддэг ба тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудалд хамаарах тохиолдолд тэдгээрийн аль нь удирдаж ажиллахыг тогтоодог байна. Байнгын хороо хуулийн төслийн талаар 2-3 удаагийн хэлэлцүүлэг хийхийн зэрэгцээ олон нийтийн сонсгол зохион байгуулж, мэргэжлийн болон ТББ, иргэний нийгмийн саналыг авч тусгах зэргээр ажилладаг байна.


Бундестагийн Тамгын газрын нэг чухал бүтцийн нэгж бол Гадаад харилцааны газрын Шинжлэх ухааны туслалцаа үзүүлэх алба юм. Тус алба 10 хэлтэстэй, Бундестагийн гишүүдэд тэдний хүсэлтийн дагуу судалгаа, мэдээлэл, лавлагаа бэлтгэж үйлчилдэг. Энэ талаар Эрүүл мэнд, гэр бүл, өндөр настан, хүүхэд залуусын асуудал хариуцсан хэлтсийн дарга, хатагтай Барбара Кэрнбах ярихдаа, “Парламентын гишүүд цахим платформоор тус албанд хүсэлт гаргаж, шинжлэх ухаан, судалгааны үйлчилгээ авдаг. Гишүүдээс тавьсан асуулт, сэдвийг холбогдох хэлтсүүдэд хуваарилж, хариулт бэлтгүүлэн, хэлтсүүд томоохон сэдэв, агуулга дээр хамтран ажиллах шаардлага олон гардаг” гэв. Шинжлэх ухааны туслалцаа үзүүлэх алба 100 гаруй албан хаагчтай, жилд 4000 гаруй судалгаа хийдэг байна. Судалгаандаа тэд Бундестагийн номын сан, парламентын архив, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сан хөмрөгөөс гадна Европын парламентуудын шинжлэх ухаан, баримтжуулалтын төвийн мэдээллийн сан зэрэг олон эх үүсвэр ашиглан судалгаа хийдэг байна.



Дэд дарга, хатагтай Рут Лангийн удирддаг Парламентын болон гишүүдийн үйлчилгээний газар нь Парламентын үйлчилгээний, Бүрэн эрхийн үйлчилгээний, Байнгын хороодын болон Өргөдөл, мэдээллийн гэсэн 4 хэлтэстэй. Бүрэн эрхийн үйлчилгээний хэлтэст Дотоод хяналтын нэгж болон Гишүүдийн бүрэн эрхийг хангах, тэдний ажилчдад үйлчлэх, намын санхүүжилт, муж улсын парламентуудын, Бундестагийн эрүүл мэндийн үйлчилгээний албад харьяалагддаг. Гишүүдийн бүрэн эрхийг хангах албаны доктор Улрикэ Буссэ гишүүдийн харилцаа, ёс зүйн асуудлыг хариуцдаг. Тэрбээр, Бундестагийн гишүүд мөнгөн хандив авах хориотой, гишүүнийхээ хувиар ямар нэгэн асуудлаар урамшуулалтай илтгэл тавихгүй, мөн улс оронд хохирол учруулахуйц мэдээлэл түгээх зэрэг ёс зүйн хязгаарлалтууд тавьдгийг хэлж байлаа.


Бундестагийн гишүүд сонгогдохоос өмнө хийж байсан ажил, бизнесээ сонгогдсон хойноо ч үргэлжлүүлж, гагцхүү үйл ажиллагаа, орлогоо ил тод мэдээлэх үүрэгтэй аж. Тухайлбал, өмгөөллийн товчоо ажиллуулдаг байсан гишүүн түүнийгээ үргэлжлүүлж, ямар өмгөөлөл явуулж байгаагаа ил тодоор мэдээлэх ёстой. Тэрхүү бизнесээсээ ямар орлого олж байгаа нь ил тод байх учиртай аж. Мөн гишүүн байх хугацаандаа хэн нэгэнтэй хэлцэл, зөвшилцөл хийснийгээ ил гаргана. Гишүүний цалин хангамж, ил тод мэдээлсэн бизнесийн орлогоосоо өөр орлогыг тухай бүр бүртгүүлж, уг орлогын хэмжээ жилд 3000, сард 1000 еврогоос илүү гарвал энэ тухай Гишүүдийн бүрэн эрхийг хангах алба Бундестагийн албан ёсны вебсайтаар олон нийтэд мэдээлдэг байна.


Гишүүний ёс зүйн дүрмийг зөрчвөл сануулах, олон нийтэд зарлах, торгох зэрэг хариуцлага хүлээлгэдгийг хатагтай Улрикэ Буссэ дурдаад, торгуулийн хэмжээ жилийн цалингийн 50 хувьтай тэнцэхээс эхлэн гаргасан зөрчлийн үнийн дүнгээс хамааран өсдөг гэлээ. Хэрэв гишүүн чуулганы, Байнгын хорооны, мөн заавал суух ёстой бусад хуралд ирээгүй тохиолдолд өдрийн 200 еврогийн торгууль ногдуулж, хурал, чуулганы үеэр парламентыг үл хүндэтгэх зөрчил гаргавал Бундестагийн ерөнхийлөгч арга хэмжээ авдаг байна. ХБНГУ-ын нийт төсөв 2023 онд 476 тэрбум еврогоор батлагджээ. Үүний 0.24 хувийг Бундестагийн төсөв эзэлж байна. Бундестагийн 1.14 тэрбум еврогийн төсөв доторх хамгийн том зардлыг гишүүдийн ажилчдын зардал, хоёрдугаарт Тамгын газрын ажилчдын зардал, гуравт намын бүлгүүдийн зардал ордог байна. Бундестагийн гишүүдийн цалин, хангамжийн зардал дөрөвдүгээрт, барилга байгууламжийн ашиглалт, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын зардал тавдугаарт жагсаж буйг Төсвийн хэлтсийн дарга, ноён Франк Энгелхардт сонирхуулав. Улсын төсөв нэгдмэл бодлоготой, боловсруулах, батлах үйл ажиллагаа тодорхой дэгтэй тул Бундестаг өөрийн төсвийг яамд, бусад төрийн байгууллагын нэг адил шийдүүлдэг аж. Зарим тохиолдолд төсвөө батлуулахын тулд Бундестагийн ерөнхийлөгчийг Сангийн сайдтай уулзуулах, Төсвийн байнгын хороонд Сангийн яамтай ярилцах асуудлыг танилцуулах шаардлага гардаг байна.


Бундестагийн төсвийг боловсруулахад тулгардаг хамгийн ярвигтай зардал бол үүссэн нөхцөл байдлын талаар цаг тухайд нь байгуулдаг Мөрдөн шалгах түр хороо, Судалгаа шинжилгээний комиссын зардал юм. Эдгээр нэгж нь жилд тус бүр хоёр удаа байгуулагдана гэсэн тооцооллоор төсөвт тусгадаг. Ялангуяа Мөрдөн шалгах түр хорооны үйл ажиллагаа нарийвчилсан дэг журамтай тул жилд хоёроос олон байгуулах боломжгүйг тайлбарлаж байлаа.


Германы Үндсэн хуульд, ардчилсан төр оршихуйн гол үндэс нь улс төрийн намууд гэж заажээ. Ард иргэдийн улс төрийн эрх ашгийг төлөөлөх байгууллага бол улс төрийн намууд, төрт ёсны гол институциуд болдгийг Муж улсын парламент, намуудын санхүүжилтийн хэлтсийн дарга, ноён Марк Круазэ онцолсон юм.


Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэхийг тулд улсын төсвөөс тодорхой санхүүжилтийг намуудад өгдөг. Намын үйл ажиллагааны зардлыг бүрэн санхүүжүүлбэл тухайн нам улсаас хараат болох эрсдэлтэй байдаг аж. Мөн улсын төсөв буюу татвар төлөгчдийн хөрөнгөөс авч байгаа учир улс төрийн намууд иргэд, олон нийтэд зардал, санхүүжилтээ ил тод тайлагнах шаардлагатай болж, улмаар үйл ажиллагаа нь жигдрэх, төлөвшихөд сайн нөлөө үзүүлдэг ажээ.


Намын санхүүжилтэд төлөвлөсөн төсвийг намуудын индексээр хуваарилж, үүнийг тухайн нам ард иргэдийн дунд хэр нөлөө бүхий болох, мөн хандивын болон хандивын бус орлого, зарлагын тайланг үндэслэсэн аргачлалаар Статистикийн газар гаргадаг байна. Төсвийн санхүүжилтийн индекст тооцдог нэг чухал үзүүлэлт бол сонгуулийн саналын данс буюу Бундестаг, мужийн парламентууд, Европын Холбооны сонгуульд иргэдээс авсан саналын тоо юм. Саналын тоондоо харгалзуулан суудал аваагүй намууд ч төсвөөс санхүүжилт авах боломжтой. Одоогоор Бундестагт улс төрийн 6 нам суудалтай ч төсвийн санхүүжилтийг 20 нам авдаг байна.


Улс төрийн намууд төсвийн санхүүжилтээс гадна гишүүд, дэмжигчдийн хандив, хандивын бус орлогоор санхүүждэг. Намынхаа нэрээр албан тушаал эрхэлж буй хүмүүс гишүүний хураамж дээрээ намын мандатын үнэлгээг нэмж төлдөг. Улс төрийн хувь хүнээс жилд 3300 евро хүртэл хандив авахаас гадна аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй аж. Мөн өөрийн гэсэн газартай байж болох, хувьцаа худалдан авч, арилжиж болно. Гагцхүү орлого, зарлагаа үнэн зөв тайлагнах үүрэгтэй. Хэрэв хуурамч тайлан ирүүлбэл тухайн тайлангийн алдааны хэмжээг хоёр дахин нэмсэн хэмжээгээр санхүүжилтийг хасаж, хориглосон хандив авсан бол түүнийг гурав нугалсан торгууль ногдуулна. Намын санхүүжилтэд Бундестагийн ерөнхийлөгч хяналт тавьдаг байна.


Бундестагийн Тамгын газрын Олон улсын болон Европын харилцаа, задлан шинжилгээний газарт үндсэн 3 хэлтсийн зэрэгцээ Мэдлэгийн үйлчилгээний сүлжээний нэгж, Иргэдийн зөвлөлийн хөгжүүлэлтийн баг харьяалагддаг. Тус зөвлөл нь 30-200 иргэнээс бүрдэхээр хуульчилсан, тодорхой нэг сэдвийг хэлэлцэж, хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулан Бундестагт хүргүүлдэг талаар Иргэдийн зөвлөлийн хөгжүүлэлтийн багийн гишүүн, доктор Ёохэн Гүкс танилцуулав. Сонгогдсон иргэд асуудлыг хэлэлцэхийн тулд холбогдох мэргэжилтнүүдээс суурь мэдээллийг авч, тэдэнд Иргэдийн зөвлөлийн хөгжүүлэлтийн баг дэмжлэг үзүүлж, эрх тэгш мэтгэлцэх боломжийг олгодог байна.


Парламентад иргэдийн оролцоог хангах энэ тогтолцоо нь Зөвлөлдөх санал асуулгын тухай Монгол Улсын хуулиар тогтоосон харилцаатай ойролцоо байгааг ЕНБД Л.Өлзийсайхан дурдаж, уг хуулийн зохицуулалт, Бундестагийн Иргэдийн зөвлөлийн ялгаатай, адил зүйлс, тэдгээрийн давуу, сул талыг ярилцсан юм. Ноён Ёохэн Гүкс Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн талаар илүү их мэдэхийг хүсэж буйгаа илэрхийлж, Бундестагийн “Парламентын асуудлууд” сэтгүүлд энэ талаар өгүүлэл нийтлүүлэхийг санал болголоо.



Германы Бундестагт энэ асуудлыг Мэдээлэл, баримтын газар эрхэлдэг. Тус газар нь Номын сан, баримтын болон Мэдээлэл, харилцааны гэсэн хоёр хэлтэстэй. Мэдээлэл, харилцааны хэлтсийн дарга, доктор Андреа Мариа Кребс, “Зочид, жуулчдыг хүлээн авах, Олон нийттэй харилцах, Арга хэмжээний менежмент, тусгай төсөл, хөтөлбөр, Бундестагийн ордон дахь урлаг, Парламентын мэдээлэл, Онлайн үйлчилгээ, парламентын телевиз, Соошл медиа буюу нийгмийн сүлжээ хариуцсан 7 албаны эрхэлж буй ажлаас товч дурдав. Эдгээр албад Германы Бундестагийн үйл ажиллагааны талаар мэдээ мэдээлэл, контент бэлтгэж олон нийтэд бүх суваг, арга хэлбэрээр буюу хэвлэл, сонин, телевиз, радио, нийгмийн сүлжээгээр хүргэхийн зэрэгцээ иргэд, зочдын парламентын ордноор аялуулах, “Нээлттэй хаалганы өдөр”, хоёр Герман улс эргэж нэгдсэн баярын өдрийг тохиолдуулан муж болгонд ээлжлэн зохион байгуулдаг үйл ажиллагаанд оролцох, “хөдөлгөөнт парламент” буюу "инфомобил" аяллын үзэсгэлэн ажиллуулах, хүүхэд, залууст зориулсан парламентын боловсролын цахим хуудсыг хөтлөх, Бундестагийн урлагийн цуглуулгыг удирдаж, ордны дотоод тохижилт, чимэглэлийг хариуцдаг байна.


Тус хэлтсээс “Бундестагийн өнөөдөр” мэдээллийн товхимлыг өдөрт хэд хэдэн удаа, “Парламент” сонинг долоо хоног тутам эрхлэн гаргаж, чуулганы нэгдсэн хуралдааныг шууд дамжуулах зэргээр парламентын ил тод, нээлттэй ажиллах зарчмыг бүрэн хэрэгжүүлж буйгаа Андреа Мариа Кребс дурдлаа. Тус албаны өсвөр үеийнхэнд зориулсан төслийг хариуцсан мэргэжилтэн, хатагтай Нина Риц дунд, ахлах сургуулийн сурагчдыг анги, хамт олноор нь хүлээн авч Бундестагийн ордноор аялуулахын зэрэгцээ өөрсдийг нь парламент, Засгийн газрын гишүүдийн дүрд тоглуулж, намын бүлэг, Байнгын хороод, эрх баригч ба сөрөг хүчний зохион байгуулалтад оруулан тодорхой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, шийддэг 3 цагийн тоглолтын хөтөлбөрийнхөө талаар танилцуулсан юм. Үүнийг сургуулийн удирдлага, багш нартай урьдчилан зөвшилцөж, хичээлийн сэдэв, агуулгатай нь уялдуулснаар хүүхдүүд парламентын тухай ерөнхий ойлголт, мэдлэгээ бататгаж, төрийн тогтолцооны талаар илүү ойлгохын дээр хууль ёсны эрхээ хэрэгжүүлэх, үзэл бодлоо илэрхийлэх боломжуудыг суралцаж авдаг хэмээв.


Олон нийтийн харилцааны мэргэжилтэн, ноён Кристиан Юнгэ жилийн турш Герман орныг хөндлөн гулд тойрч ажилладаг “Инфомобил” зөөврийн үзэсгэлэнгийнхээ талаар ярилаа. Тэрбээр, парламентад иргэд ирж танилцан, сурч мэдэхийн хажуугаар парламент өөрөө иргэд рүү очих хэрэгтэй гэсэн шийдлийн үүднээс эдгээрийг бий болгосон гэв. Ачааны хүнд даацын 17 метр урт, 20 тн жинтэй машиныг цахим технологид суурилсан тоноглолоор тоноглож, явуулын Бундестагийг бүтээжээ. Инфомобил 2022 онд 40000 хүнд хүрсэн бөгөөд ирэх найман жилийн дотор сонгуулийн бүх тойрогт очихоор төлөвлөжээ. 


Мөн тус алба 16 зөөврийн самбарт парламентын ардчиллын тухай бүхий л мэдлэг, мэдээллийг багтаасан зөөврийн үзэсгэлэнг тогтмол ажиллуулдаг. Үүний зэрэгцээ улс, мужийн хэмжээний үзэсгэлэн яармагт оролцож, түүнд Бундестагийн Өргөдөл, гомдлын хорооны гишүүдийг ээлж дараалан оролцуулж заншжээ.


Өнгөрсөн онд Германы Бундестагийн албан ёсны вебсайтад 78 сая хандалт ирснийг Онлайн үйлчилгээ, парламентын телевизийн албаны мэргэжилтэн, доктор Никола Тепассе мэдээлэв. Тэрбээр парламентын ардчиллын талаар хүүхэд, залууст ойлгомжтой тайлбарлахаар нээн ажиллуулж байгааг өгүүлж, эдгээр платформоор парламентын тухай мэдлэг мэдээллийг хэрхэн тоглоомыг хэлээр хүргэх, тэдэнд зориулж Бундестагаас юуг санал болгож болох талаар идэвхтэй эрэлхийлдэг тухайгаа хэлж байв. Мөн национал социализмд хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалын өдрүүд зориулсан арга хэмжээ, зургадугаар сард 350 залууг оролцуулан зохион байгуулдаг “Залуус ба парламент”, есдүгээр сард Бундестагийн гишүүдийн урилгаар залуучуудын төлөөлөл болсон 30 орчим залуусыг оролцуулдаг “Европын улс төр” арга хэмжээнийхээ талаар дурдлаа.


Бундестагийн номын сан анх 1949 онд 1000 номтой үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол эдүгээ 1.6 сая ном, сэтгүүл, шинжлэх ухааны бүтээлийн сан хөмрөгтэй, дэлхийн парламентын номын сангуудын дотор гуравт жагсдаг томоохон сан болжээ. ХБНГУ-ын парламент Бундестагийн захиргаа, түүний бүтцийн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах хүрээнд УИХ-ын ЕНБД Л.Өлзийсайхан тус номын сан, Холбооны улсын парламентын ардчиллын түүх, түүнд тулгарсан бүхий л уналт, сэргэлтийг үечлэн үзүүлсэн байнгын үзэсгэлэн бүхий Германы цогчин дуганд зочилжээ.



Хоёр зуу гаруй жилийн түүхтэй, уран барилгын дурсгал болох Deutscher Dom-д “Зам-буруу зам-тойруу зам” хэмээн тус үзэсгэлэнг 2002 оноос байрлуулсан нь бүх нийтийн парламентын боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааны нэгэн хэсэг болжээ. Бундестагийн чуулганы танхим Рейхстагийн ордон ч мөн түүх, уран барилгын чухал дурсгал болохын хажуугаар Германы парламентат ёсны хөгжлийн замд тулгарсан сорилт, туулсан замнал, сургамжийг ард иргэдэд ойлгуулах, таниулахад чиглэсэн боловсрол, соёлын ач холбогдолтой юм.


УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд засаглалын ил тод, нээлттэй байдлыг хангах, парламентын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэх, олон нийтийн парламентын боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тухайлбал, “Парламентын боловсрол” хөтөлбөр, “Өсвөрийн парламент”, “Парламентын боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрийг сүүлийн 2 жил дараалан явуулаад байна. Дэд хөтөлбөрт хамрагдаж, ур чадвар, мэдлэг хандлагаараа шалгарсан сургагч багш Л.Мишигжав дээрх ажлын бүрэлдэхүүнд багтаж, Германы Бундестагийн иргэд, олон нийтийн оролцоог хангах, парламентын ардчиллын талаарх хүүхэд багачууд, өсвөр үеийнхний боловсролыг дээшлүүлэх хөтөлбөртэй танилцсан юм. Тэрбээр, Германы төрийн тогтолцоо, ардчилал, түүхийн талаар олон талын мэдээлэл авсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, үзэж мэдсэн бүхнээ шавь нартаа бүрэн, зөв дамжуулах өгөхийн тулд хичээх болно гэсэн юм.


Дээрх төслөөс УИХ-ын ЕНБД, доктор Л.Өлзийсайханы Бундестагийн Тамгын газарт хийсэн туршлага солилцох ажлыг Монгол Улсаас ХБНГУ-д суух ЭСЯ-тай хамтран зохион байгуулж, ихээхэн үр дүнтэй болсныг Л.Өлзийсайхан онцолсныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Холбоотой мэдээ