ДОРНОД: Хэлтэг загасны хорогдлын шалтгааныг тогтоохын тулд цаашид судлах шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-09-19 09:26:13

Чойбалсан /МОНЦАМЭ/. Буйр нуурын мөнгөлөг хэлтэг загасны хорогдлын бодит шалтгааныг тогтоохын тулд цаашид тогтмол давтамжтайгаар нэг цэгээс ижил арга зүйн дагуу дээж авч шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзжээ.


Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд Буйр нуурын ус, хөрс, загасны дээжийг шинжлээд загасны хорогдол нь нуурын усны чанарын физик-химийн үзүүлэлтүүдтэй холбоогүй гэж дүгнэсэн байна. Учир нь усан орчны чанарын үзүүлэлтүүд нь Монгол Улсын болон олон улсын холбогдох стандартуудын хүлцэх хэмжээнээс хэтрээгүй. Загас хүчилтөрөгчийн дутагдалд орсон болон биогений элементүүдийн хуримтлалаар хордсон тохиолдол илрээгүй гэв.


Түүнчлэн нуурын зарим хэсэгт буюу загас хорогдсон орчимд усны микробиологийн үзүүлэлтээр бохирдолтой байсан хэдий ч загас нянгийн гаралтай өвчлөлд өртсөн үзүүлэлт нотлогдоогүй байна.  


Харин мөнгөлөг хэлтэг загас CyHV-2 вирусний өвчлөлд өртсөн байх магадлалтай. Гэхдээ тухайн вирусний геномын өвөрмөц дараалалд үндэслэсэн праймер захиалан PCR шинжилгээ хийсэн боловч уг вирусний гаралтай өвчлөлд өртсөн гэдэг нь нотлогдоогүй гэж судалгааны тайланд дурджээ.


Зургаадугаар сард Буйр нуурт загас ихээр үхсэн учир ажлын баг газар дээр нь ажиллаж, нуурын ус, хөрс, загаснаас шинжилгээ авч, дээжийг Биологийн хүрээлэнд илгээснээр дээрх урьдчилсан дүгнэлтийг гаргасан байна.

Холбоотой мэдээ