Словенийн архитектор Йожэ Плечникийн бүтээлийг Монголд дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-19 22:03:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Словени улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд Словенийн архитектор Йожэ Плечникийн “Плечникийн Любляна” уран бүтээлийн үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейд өнөөдөр нээлээ.  


Ромын эзэнт гүрний үеийн архитектурын үлдэгдэл, ялангуяа Барокко хэв маягийн архитектураар тодорхойлогддог Любляна хот 1895 онд болсон газар хөдлөлтийн дараа Плечникийн бүтээл болох орчин үеийн Макс Фабиани буюу анхны орчин үеийн хот төлөвлөлтийн хэв загвартай болсон байна. Хэвшмэл хэв маяг бүхий хотоос орчин үеийн хэв маяг бүхий гоо зүйн шинэ үзэл баримтлалыг харуулсан өнгө төрх бүхий нийслэл хот болон өөрчлөгджээ. Любляна хотын талаарх төсөөллөө бодит үр дүн болгохын тулд архитекторч Плечник 30 шахам жил ажилласан байна. 


Үзэсгэлэнг нээж Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадолник хэлэхдээ, "Словенийн нэрт сэтгэгч, архитектор Йожо Плечникийн бүтээл нь хил хязгаарыг давсан бүтээлч сэтгэлгээний нотолгоо бөгөөд 2021 оноос хойш Любляна хот дахь Плечникийн бүтээлүүд ЮНЕСКО-гийн биет өвийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдсэнд бид баяртай байна. Тэрээр Чех улсын Прага хотод урт удаан хугацаанд бүтээлүүдээ туурвиж, бүтээсний дараагаар түүний карьерын сүүлчийн зогсоол өөрийн төрөлх хот Словенийн Любляна руу буцах явдал байсан гэдгийг онцолъё. Уран бүтээлч өөрийн хийцээрээ нийслэлийг бүхэлд нь тодорхойлох боломжийг олж авсан ховор архитектор бөгөөд өнөөдрийн бидний хотуудын талаарх бодлыг өөрчилсөн нэрт сэтгэгч юм. Тэрээр Любляна хотыг оршин суугчдын хэрэгцээнд нийцүүлэн бүтээснийг бид 150 гаруй жилийн дараа ч "хүн төвтэй хот" хэмээн нэрлэсээр байгаа юм. Тэрээр маш их алхдаг байсан бөгөөд алхахдаа хотынхоо нэгж бүрийг таньж мэддэг байсан. Тэрээр явган зорчигч, нийтийн эзэмшлийн талбай, бүх ногоон гадаргууг тэргүүнд тавьж тогтвортой орчин бүхий хотыг бий болгосон. Энэ бүхэн нь түүнийг тухайн үеийнхээ хамгийн ирээдүйтэй, алдартай архитектор болгосон юм” гэв.


Үзэсгэлэнд уран бүтээлч Йожэ Плечникийн “Ассисигийн гэгээн Францисын сүм”, “Вегова гудамж, Наполеоны багана”, “Конгрессын талбай болон оддын цэцэрлэгт хүрээлэн”, “Гурвалсан гүүр” зэрэг 20 гаруй бүтээлийг дэлгэжээ. Уран бүтээлчийн “Гурвалсан гүүр” бүтээл нь одоог хүртэл Любляна хотдоо сүндэрлэж байгаа. Хуучин бүтээлүүдийг нь нураалгүй илүү хөгжүүлж, оршин суугчдад ээлтэй байдлаар хэрхэн өөрчилж болох талаас нь бүтээсэн гэдгийг Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аленка Сухадолник энэ үеэр онцлов.


ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороо 2021 онд Плечникийн Любляна хотыг хүн төрөлхтний үнэт зүйлд тооцогдох өвийн жагсаалтад оруулах шийдвэрийг гаргажээ.

Оршин суугчдын хэрэгцээнд бүрэн нийцсэн, хот, соёл, хүрээлэн буй байгаль орчинтой уялдуулан бүтээсэн олон нийтийн газар, бүтээн байгуулалтуудаас бүрдсэн уг үзэсгэлэн энэ сарын 20-ны өдрийг дуустал олны хүртээл болно. 


Р.Цэцэгбаяр

Т.Амаржаргал




















Холбоотой мэдээ