Унгар улсад сэргээн засварласан Хүннүгийн төмөр тогоог хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2023-09-21 13:39:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын ШУА, Унгар судлалын хүрээлэнтэй хамтран сэргээн засварласан “Хүннүгийн төмөр тогоо”-г хүлээн авах ёслол  ШУА-ийн хурлын танхимд боллоо. 


Монгол Улсын ШУА, Унгар Улсын Унгар судлалын хүрээлэнтэй хамтран 2022 онд Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр, Ар Гүнтийн Хүннүгийн оршуулгын цогцолбор дурсгалт газарт археологийн малтлага судалгааны ажлыг гүйцэтгэжээ. Малтлага судалгааны явцад хоёр дугаартай булшнаас том хэмжээтэй төмрөөр хийсэн тогоо олдсоныг Унгар улсад сэргээн засварлаж Монгол Улсын ШУА-д хүлээлгэн өглөө. 


Энэхүү төмөр тогоо одоогоор археологийн дурсгалаас илэрч олдсон хамгийн том хэмжээтэй төмөр сав суулгын нэг болж байна. Хүннү гүрний төмөрлөг боловсруулалтын технологийн түвшин, үйлдвэрлэх хөгжил зэрэг Хүннүгийн соёлын талаар олон мэдээлэл өгөх чухал олдвор болж буйг мэргэжилтнүүд тодотгов.


ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал доктор, дэд порфессор Г.Эрэгзэн хэлэхдээ, “Монгол Улсын ШУА байгуулагдсаны дараа Унгар Улсын ШУА-тай гэрээ байгуулж судалгааны ажлуудыг эхэлсэн. 1960 онд Монгол, Унгарын хамтарсан археологийн шинжилгээний анги Хүннүгийн үеийн дурсгалт малтлага шинжилгээний ажлыг хийсэн. Үүнээс  60 жилийн дараа буюу 2020 онд дахин хамтарч судалгааны ажлуудыг хийгээд гурван жил болж байна.  Энэхүү тогооны хэлбэр хийц нь Хүннүгийн дурсгалаас олддог, археологийн судалгаанд “Хүннү” тогоо гэж алдаршсан хүрэл тогоонуудтай адилхан. Төмөр тогоо Хүннүгийн дурсгалаас харьцангуй цөөхөн олддог.  Энэ дундаас хамгийн том нь гэдгээрээ онцлог. Энэхүү тогоог одоогоор ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт тавина. Цаашдаа шинээр барьж буй Монголын Археологийн Үндэсний музейд хадгална. Манай хүрээлэн төмөр  болон металл эдлэл сэргээн засварлах  лабораторитой. Гэвч мэргэжилтэн хангалтгүй, ачаалал ихтэй байдаг. Одоогоор хоёр мэргэжилтэн сэргээн засварлах ажлыг хийж байна” гэлээ. 


Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обущански, “Энэхүү  олдворыг  сэргээн засварлах ажлыг Унгар судлалын хүрээлэнд нэг жилийн дотор  хийсэн. Ар Гүнтийн археологийн судалгааны хүрээнд нийт долоон булшийг малтан шинжилсэн. Дараагийн удаа үлдсэн булшнуудыг судлан шинжлэх, олдворуудыг сэргээн засварлах ажлыг хамтран гүйцэтгэхээр ярилцаж байгаа” гэв. 


Төмөр тогоог нээн илрүүлж, сэргээн засварлахад,

Унгар судлалын хүрээлэн

Монгол Улсад суугаа Унгарын ЭСЯ

Монгол Улсаас Унгар улсад суугаа ЭСЯ 

Гадаад Харилцааны Яам

НЗДТГ ихээхэн хувь нэмрийг оруулжээ. 


Р.Цэцэгбаяр





Холбоотой мэдээ