ДАРХАН-УУЛ: Шинэ нэгдсэн эмнэлэгтэй болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймаг албан ёсны бүртгэлтэй 107 мянга, албан бус 130 гаруй мянган хүн амтай гэсэн судалгаа бий. Нэгдсэн эмнэлэг нэг, сумын эмнэлэг гурав, ӨЭМ-ийн таван төвд нийт 347 их эмч, 829 сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, 84 эм зүйч, 459 эмнэлгийн ажилтан аймгийн нийт хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Жилээс жилд шилжин ирэх иргэдийн тоо нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
үзүүлэх эмнэлгүүдийн ачаалал ихэссэн тул шинэ эмнэлэгтэй болох зайлшгүй
шаардлага тулгарсан.
Тэгвэл 2025 онд 17.000м.кв талбай бүхий дөрвөн давхар, үндсэн гурван блок, 250 ортой эрчим хүчний хэмнэлттэй 200 автомашины зогсоолтой шинэ эмнэлэгтэй болох аж.
Уг ажлыг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан 2021 оны 11 дүгээр сард Европын сэргээн босголт хөгжлийн банканд захидал бичиж Дархан-Уул аймагт шинэ нэгдсэн эмнэлэг барих хүсэлтээ илэрхийлсэн ажээ. Уг хүсэлтийг ЕСБХБ хүлээн авснаар өнөөдөр 50.2 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр нэгдсэн эмнэлэг барих төсөл эхэллээ.
Шинэ нэгдсэн эмнэлэг нь зөвхөн Дархан-Уул аймгийн төдийгүй төвийн бүсийн аймгийн нийт ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх юм. Олон улсын жишигт нийцсэн, иж бүрэн тоног төхөөрөмжтэй, шинэ нэгдсэн эмнэлгийн барилга нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт барьсан шинэ нэгдсэн эмнэлгийн зураг төслийн дагуу аймгийн нэгдсэн эмнэлгийн дэргэд барьж ажээ.
2023-2025 онд эмнэлгийн барилгын ажил дуусаж ашиглалтад орох бөгөөд шинэ эмнэлэг
барьж, ашиглалтад орохтой зэрэгцэн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, шинэ дэвшилтэт
технологи тоног төхөөрөмжөөр хангах эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж
үйлчилгээг хангах, санхүүгийн
менежментийн чадавхыг бэхжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэхэд орон нутгийн зүгээс анхаарч ажиллах ажээ.