ОРХОН: Зэс ашиглаж сүүн будаг үйлдвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр /МОНЦАМЭ/. Орхон аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх, брэнд
бүтээгдэхүүнээ танилцуулах, зэс олборлодог болон боловсруулдаг, зэсээр
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компани, аж ахуйн нэгж, иргэдийг сурталчлах
зорилготой “Зэс фестиваль”-ийг зохион байгуулж байна.
Уг наадамд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдмин”, “Ачит Ихт”, Гал Сэнтий” зэрэг 10 гаруй компани, зэсээр бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг 50 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байна. Наадмыг аймгийн ЗДТГ,
БОАЖГ санаачлан зохион байгуулж байгаа юм.
“Зэс фестиваль”-д Булган аймгаас оролцож буй Урлаг дизайны академийн тэргүүн Д. Дарьсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр сүүн будаг үйлдвэрлэдэг.
-Сүүн будгийг хэрхэн, яаж үйлдвэрлэдэг
вэ?
-Монголчууд эртнээс сүүн будаг гаргаж түүнийгээ амьдрал,
ахуйдаа хэрэглэж байсан. Энэ нь малын сүүг зэс саванд хийгээд газарт 45-60
см-ийн гүнд булж 108 хоногийн дараа гаргаж авна. Тэр үед сүү маань ногоон өнгөтэй болно.
Үүнийгээ хатаагаад, хатаасан нунтгаа нүдээд тэр будгаар нь хонины ноосоо будаж хувцас хийнэ. Энэ
технологийг би анх ааваасаа сонссоод судалж эхэлсэн. Хорь гаруй жил болж байна. Олон удаа туршиж
үзсэн. 2021 онд “Оюуны өмчийн патент”-аа авсан, энэ сард эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэсэн патентаа
авах гэж байгаа.
Монголчууд эртнээс зэсийг эрүүл мэндэд тустай гэдэг утгаар нь амьдрал,
ахуйдаа хэрэглэж байсан. Жишээ нь хоолой хавангах үед зэс зоос тавьдаг
байсан. Тэгвэл үүнийг улам боловсронгуй болгож сүүн будгаар хийсэн хувцас,
дэрийг нялх хүүхэд болон өндөр настай хүнийг
тэнхрүүлэхэд ашиглаж байсан. Хүний биед
0.2 хувийн зэс байдаг. Тэр зэс нь багадахад үе мөч, бүдүүн гэдэс өвддөг.
Энергигүй боллоо ч гэж ярьдаг. Тэгвэл зэсийг эрүүлжүүлэхийн тулд монголчууд
ихээр хэрэглэж байсан.
-Сүүн будгийн үнэ хэд вэ? Та
худалдаанд гаргасан уу?
-Сүүний 90 нь ус учир сүүн будаг хийх явцад ердөө 10 хувь нь л будаг
болдог. Сүү будгаа олон хоног газарт булж боловсруулж байгаа учир хугацаа их
шаарддаг. Бас гар ажиллагаа их шаарддаг. Ингээд өртгийг нь тооцоход 1гр нь 5000
төгрөг болж байна. Одоогоор их хэмжээгээр худалдаанд гаргаагүй. Гэхдээ сүүн
будгаараа хонины ноосоо будаад түүгээрээ хувцас, оймс, бээлий, малгай, ороолт
хийж байна. Хүмүүс маш дуртай хүлээж авдаг.
-Үр дүн нь хэр гарч байна?
-Ерэн настай нэг хүнд хувцас хийж өгсөн. Гурав хоногийн дараа хаван
буусан байсан. Мөн бага насны хүүхдэд сүүн будгаар хийсэн оймс, тоглоом хийж
өгсөн. Ээж, аав нь хүүхэд маань сайн унтаж амарч байгаа гэж хэлсэн. Тэгэхээр
тодорхой үр дүнтэй байна гэсэн үг. Хонины ноос нь өөрөө ланолинтой учир хүний
биед ямар ч сөрөг нөлөөгүй, үүн дээр нь нэмж сүүн будгаар будахад бүр илүү болж
байгаа юм.
-Та нийт хэдэн өнгө гаргасан бэ?
-Одоогийн байдлаар найм. Уг нь 64 төрлийн будаг гаргах боломжтой. Ямар ч
химийн найрлагагүй учир байгалийн өнгийг гаргаж чаддагаараа бас онцлог.