ДУНДГОВЬ: Үзэсгэлэн худалдаанд оролцогчид 75,0 сая төгрөгийн борлуулалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-09-25 10:45:48
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. 9 дүгээр сарын 21-22-нд зохион байгуулсан “Дундговь түншлэл - 2023” зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаанд 14 сумын 102 үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцож, 75,0 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.


Тус үзэсгэлэн худалдааг үйлдвэрлэгч, баялаг бүтээгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, зах зээлд холбох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, түншлэлийг хөгжүүлэх зорилгоор 19 дэх удаагаа ийнхүү зохион байгууллаа.


Өнгөрсөн жил зохион байгуулсан зах зээлийн өдөрлөг, үзэсгэлэн худалдаанд 14 сумын 260 гаруй баялаг бүтээгчид оролцож, 130,0 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж байсан бол энэ жил оролцогчдын тоо буурсан хэдий ч нэг оролцогчид оногдох борлуулалтын орлого нэмэгдсэн байна.


Энэ үеэр 8 номинацаар Шилдэг оролцогчдоо шалгаруулжээ. Тус үзэсгэлэн худалдаанд Дэлгэрцогт сум хамгийн зохион байгуулалттайгаар оролцож, “Шилдэг зохион байгуулалттай сум” хэмээх өргөмжлөлийг хүртсэн бол “Шилдгийн шилдэг” гран при шагналын эзнээр Эрдэнэдалай сумын үйлдвэрлэгч Ш.Бөндөгхорол шалгарчээ. Тэрбээр тэмээний ноосон улавч, хөнжил, мешок, ноос, ноолууран нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба жил бүр аймгийнхаа үзэсгэлэн худалдаанд оролцдог төдийгүй өөрийн аймгийн болон бусад аймагт ч байнгын хэрэглэгчтэй болсон үйлдвэрлэгч юм.  


“Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн”-ээр Луус сумын оролцогч С.Дэлгэржаргал, Дэрэн сумын оролцогч Д.Батцэцэг, Гурвансайхан сумын оролцогч М.Намсрай, Адаацаг сумын оролцогч Ж.Батсайхан нарын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн шалгарсан бол “Шилдэг газар тариалангийн бүтээгдэхүүн”-ээр Сайнцагаан сумын тариаланч Д.Тунгалаг, Баянжаргалан сумын тариаланч Б.Цэндмаа нарын тариалсан хүнсний ногоо, нарийн ногоо шалгарсан байна.


Харин “Шилдэг аж үйлдвэрийн бүтээгдэхүүн”-ээр хүүхдийн төрөл бүрийн хувцас үйлдвэрлэгч “Урам кидс” ХХК-ийн бүтээгдэхүүн шалгарсан бол “Шилдэг гар урлалын бүтээгдэхүүн”-ээр Сайнцагаан сумын үйлдвэрлэгч Ц.Баатарын элдсэн нэхий, үхрийн элдсэн сур зэрэг бүтээгдэхүүн шалгарсан байна.


Түүнчлэн “Шилдэг орон нутгийн онцлогтой нийтийн хоолны үйлдвэрлэл эрхлэгч” байгууллагаар “Ээлт бор хайрхан” ХХК, “Шилдэг хүнсний бүтээгдэхүүн”-ээр Эрдэнэдалай сумын “Анар ивээл” ХХК-ийн бүтээгдэхүүн тус тус шалгарчээ.  


Энэ жил хэрэглэгчдийн худалдан авалт сайн байсан бөгөөд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний чанар сайжирсан байгааг иргэд онцолж байсан. Гэхдээ энэ жил сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт бага, эрэлт өндөр байсан.   


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Дундговь Түншлэл-2023” зах зээлийн өдарлөг, үзэсгэлэн худалдааг хааж хэлсэн үгэндээ цаашид энэхүү үзэсгэлэн худалдааг илүү өргөн дэлгэр зохион байгуулах, оролцогчид болон бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог нэмэгдүүлэх хэрэгцээтэй байгааг онцолжээ.


Тус үзэсгэлэн худалдаанд оролцсон баялаг бүтээгч иргэдээс 10 сумын 40 үйлдвэрлэгч Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан бөгөөд нийт 27,5 сая төгрөгийн борлуулалт хийжээ. 

Холбоотой мэдээ