Super Bowl-ын шоунд R&B дуучин Ашер уран бүтээлээ толилуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-09-25 16:32:25

ЛАС-ВЕГАС. /Variety/. R&B урсгалын томоохон төлөөлөл болох Америкийн дуучин Ашер (Usher) ирэх онд Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах тэмцээний /Super Bowl/ финалын тоглолтын завсарлагын үеэр болдог хөгжмийн шоунд уран бүтээлээ толилуулахаар болжээ. 


“Super Bowl” тэмцээн 2024 оны хоёрдугаар сарын 11-нд Лас-Вегас хотноо болох бөгөөд “СBS” суваг шууд дамжуулна. Өдгөө 44 настай Ашерын хувьд энэ шоунд хоёр дахь удаагаа оролцох гэж байна. Тэрбээр өмнө нь 2011 онд "Black Eyed Peas" хамтлагтай хамтран оролцож байжээ.


Дэлхийн хамгийн том урлагийн тоглолтуудын нэгд тооцогддог уг шоуны шууд дамжуулалтыг жил бүр 100 сая гаруй хүн үздэг. Энэ оны “Super Bowl”-ын шоунд дуучин Рианна үзүүлбэрээ толилуулсан юм. Өмнөх жилүүдийн тоглолтод Майкл Жексон, Мадонна, Принц, U2, Rolling Stones, Coldplay, Шакира, Женнифер Лопез зэрэг одууд уригдаж байв.


“Грэмми” наадмын найман удаагийн шагналт Ашер "Confessions" цомгоороо алдаршсан юм. Ирэх онд 20 жилийн ой нь тохиох уг цомог хөгжмийн түүхэн дэх хамгийн их борлуулалттай цомгуудын нэг болсон билээ.






Холбоотой мэдээ