ДУНДГОВЬ: Нийт нутгийн 43 хувьд бэлчээрийн даац хэтэрчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь /МОНЦАМЭ/. 2023-2024 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон
судалгаагаар Дундговь аймгийн нийт нутгийн 30 хувьд зуншлага сайн, харин 70
хувьд дунд зэрэг хэмээн тодорхойлжээ.
Энэ зуны байдлаар аймгийн ихэнх нутгаар олон жилийн
дунджаас ахиу хур тунадас орсон бол Өлзийт, Хулд зэрэг сумын нутагт хур тунадас
бага орж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу, зуншлага дунд зэрэг, таана,
шарилж, нэг наст хөл газрын ургамал голдуу ургасан байна.
Бэлчээрийн даацыг аймгийн нийт багуудын нутгаар тооцоолж
гаргасан дүнгээс үзвэл, 26,7 хувьд бэлчээрийн нөөцтэй, 29,9 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 41,3 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 2 хувьд нь даац 3-5
дахин хэтэрсэн байдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл аймгийн нийт нутгийн 57 гаруй
хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой, харин нийт нутгийн 43 хувьд бэлчээрийн даац 1-3 буюу 3-5 дахин хэтэрчээ.
Эрдэнэдалай сумын Сангийн далай, Цагаан-Овоо баг, Адаацаг
сумын Хашаат, Өвөр-Урт баг, Дэлгэрцогт сумын Баянбулаг баг, Дэрэн сумын Бумбат
баг, Сайнцагаан сумын 4 баг, Луус сумын Суварга, Буянт баг, Гурвансайхан сумын
Гурвансайхан баг, Дэлгэрхангай сумын Номгон баг, Хулд сумын Уул, Шувуутай,
Олдох баг, Өлзийт сумын Дэрт-1, Дэрт-2, Тагт,
Буянт-2 багуудын нутагт мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрч
болзошгүйг мэргэжлийн байгууллагаас анхааруулав.
Түүнчлэн өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч, нөхцөл
хүндэрч болзошгүй сум, багууд өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх,
отор нүүдэл хийх, малаа борлуулж, тоо толгойг цөөлөх зэрэг урьдчилсан арга
хэмжээ авч, эрсдэлийг тооцон өвөлжилт хаваржилтад эртнээс бэлтгэх шаардлагатай
байгааг мөн анхааруулсан байна.
Энэ жил бороо, хур элбэг, цаг сайхан байгаа хэдий ч мал таргалахгүй,
тарга, тэвээрэг муу байгаа төдийгүй, сүүний гарц тааруу, эрт ширгэж байгаа нь
хатуу өвөл болж болзошгүйн дохио хэмээн малчид ярьж байна.