СЭЛЭНГЭ: М.Даваасүрэн: Чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд өөрсдөө чадвартай байх хэрэгтэй юм байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-27 09:24:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Австралийн Тэтгэлгийн төгсөгч Монголын номын сангийн холбооны гүйцэтгэх захирал М.Даваасүрэнтэй Нийтийн номын сан, санчдын өнөөгийн байдал, тэдний талаар хийж буй суурь судалгааных нь талаар ярилцлаа.

 

-Өөрөө номын сангийн чиглэлээр гадаад улсад мэргэшсэн цөөхөн мэргэжилтнүүдийн нэг гэж сонслоо. Энэ хөтөлбөрт оролцож буй талаараа сонирхуулахгүй юу?

-Миний хувьд Австрали улсын Засгийн газрын тэтгэлгийн төгсөгч. Тус улсад номын сан мэдээллийн менежментээр магистрын зэрэг хамгаалсан.

 

2017 онд Монголдоо ирээд тэнд сурч, мэдсэн, үзэж харсан зүйлээ хөрсөндөө буулгах, өөрчлөлт шинэчлэлт хийх гэсэн зорилготойгоор Үндэсний номын санд буцаад ажилд орж байсан. Тэр цагаас хойш энэ салбартаа тууштай ажиллаж байна.

 

-Өмнө ба одоог харьцуулж харахад юу харагдаж, бодогдож байна. Ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

-Австралийн номын сангийн туршлага арвин. Дэлхийд маш өндөр хөгжилтэй, жишиг үйлчилгээнд ордог. Би өөрөө яг энэ чиглэлээр мэргэшсэн учраас боломжоороо тусалж дэмжээд хамтраад ажиллаад явж байна.


Өмнө нь явсан туршлага, одоо байгаа туршлага зүйлүүдийг харахад ч тэр, ер нь орон нутагт номын санчийн давтан сургалт, энэ хүмүүстээ мэдлэг мэдээллээ хуваалцах нь их чухал юм.


Эргээд нөгөө хүмүүсийнхээ асуудлуудыг сонсох, яг энд байгаа онцлог үйлчилгээнүүдийг нь бид өөрсдөө сонсоод давхар суралцаад явж байна.


Тэр эрэлт хэрэгцээ үнэхээр их байдаг. Үүнийг бодлогын түвшинд хөрөнгө зарж хийх ёстой ажил л даа.

 

-Сургалт зохион байгуулаад явж байхад хүмүүсийн харилцаа хандлага ямар байх юм. Хэрхэн хүлээн авч байна?

-Хүмүүсийн хандлага нэлээд өөрчлөгдсөн байна. Бид ч бас өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой. Бид 21 аймагт сургалтын хажуугаар хамгийн туршлагатай хүмүүсээс суурь судалгаа аваад явж байгаа. Үүний ерөнхий дүр зургийг харахад ерөөсөө сургалт. Чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд өөрсдөө чадвартай байх хэрэгтэй юм байна.


Бүх талаар номын санчдын давтан сургалтуудыг үе шаттай байнга авч баймаар байна. Ялангуяа залуучуудаа тэр өндөр хөгжилтэй орны туршлагаас судлуулж, өөрсдийнх нь нүдээр бодит байдлыг тэр газарт аваачиж үзүүлмээр байна гэсэн санааг хэлж байна.  

 

-Мянга сонсохоор нэг үз гэдэг. Өөрөө Австралийн номын сангийн талаар судлаад, суралцаад ирлээ. Монголд юу хиймээр, одоо яг ямар байдалд хөгжил нь байгааг олж харсан л байх?

-Дэлхийн номын сангуудын тухайд бол хэрэглэгч төвтэй үйлчилгээг үзүүлдэг. Тасралтгүй хувьсаж өөрчлөгдөж явдаг. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг яаж гүйцэж, яаж хангаж, эд нартай яаж мөр зэрэгцэж явах вэ гэдэг зүйл дэлхий нийтийн номын сангийн асуудал болж байна.


Гэтэл манайд эсрэгээрээ байгууллага төвтэй хандлагаасаа гараагүй. Одоо нөгөө орон байр, ахуйн дэд бүтэцтэй холбоотой асуудлаасаа холдож чадаагүй. Яаж нэг дулаан байх вэ, шинэ байртай болчих юм сан. Үүнийгээ удирдлагадаа яаж ойлгуулах вэ, хэрхэн санхүүжилт босгох  гэх мэт зүйл дээрээ явж байна.


Энэ чинь өрөөсгөл, үндсэн хэрэглэгчдэдээ үйлчлэх нь чухал. Гол зүйл маань орхигдоод байна. Манайхан хэр чинээгээр үйлчилгээгээ үзүүлээд л явж байна. Энэ салбар чинь өөрөө нийгмийн халамж муу, цалин багатай шүү дээ. Иймээс чадвартай, мэргэжилтэй хүмүүс тогтож ажиллахад маш хүндрэлтэй. Үүнийг бодлогын түвшинд цогцоор нь шийдэх асуудал харагдаж байгаа.

 

-Сургалтын гол агуулга юунд байна?

-Бид үндсэн сургалтынхаа хүрээнд хэрэглэгч төвтэй үйлчилгээг, дэлхийн номын сангуудын жишгээр ялангуяа Австралийн номын сангуудын жишиг үйлчилгээг хаана хүрэх боломжтой ажлуудыг хуваалцаж байна.


Заавал улсын төсөв харахгүйгээр хийж хэрэгжүүлэх боломжтой ажлууд юу байна гэдгийг. Монголынхоо хөрсөнд нутагшуулсан ажлуудыг бас харж байна. Тухайлбал хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хамтын ажиллагаа түншлэлийн хэлбэрээр. Хувийн хэвшил, компани, төрийн бус байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллах.


Тэтгэвэртээ гарсан мундаг хүмүүс байна, тэдний эрдэм мэдлэг гэдэг чинь өөрөө том хөрөнгө оруулалт шүү дээ. Тийм нөөц боломжийг өөрсдөөр нь гаргаж ирэх. Тодруулбал оролцогч төвтэй сургалтыг хийж байна. Тэд нарыг өөрсдөөр нь яриулж, эн тэнцүү сонсож, тэндээс нь гарц гаргалгаа, шийдлүүдийг нь хамтдаа гаргах юм.

 

-Судалгаа гэж ярьсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Би Америкт амьдарч байгаа судлаач доктортой хамтарч судалгаа хийж байна. Судалгааны асуумжаа хамтарч боловсруулсан. Энэ судалгааны гол зорилго нь өнөөдрийн орон нутгийн номын сангийн хөгжил хаана яваа, тулгамдаж байгаа ямар асуудал байна. Ирээдүйд бодлогын түвшинд номын сангийн хөгжлийн зураглал юмыг гаргахын тулд ямар асуудлаар ямар шийдлийг олох юм гэх ч юм уу ерөнхий тийм бодит байдлын суурь судалгаа гарч байгаа.

 

Хугацаа богино, санхүүжилт хязгаартай учраас энэ удаа 21 аймгийн нийтийн төв номын сан дээр ажиллаж байна. Сумдын хэмжээнд хараахан хүрээгүй. Гэсэн ч бүх сумаас маш их оролцоотой ирсэн байна.

 

-Сургалтын гол зорилго өөрийн тань тухайд юу вэ?

-Хүмүүс сурах эрмэлзэл дүүрэн байна. Хэрэглэгч төвтэй үйлчилгээ гэдэг зүйл рүү хүмүүсийн хандлагыг чиглүүлэх, өөрөө мэдээж номын санд зөндөө олон бэрхшээл байгаа. Түүндээ хязгаарлагдахгүйгээр манай төслийн нэр бол Хил хязгааргүй номын сан шүү дээ. Хил хязгааргүй харилцаа холбоог үүсгээд бүхий л талын оролцоог хангаж, тэднийг татан оролцуулах хэрэглэгч төвтэй, хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн тэр үйлчилгээг л үзүүлж, тэр хандлага юмыг төлөвшүүлэх нь бидний гол зорилго.

 

Сургалтын үр дүн гарч байна л даа. Тухайлбал Завхан аймгийн Тосонцэнгэлээс манай сургалтад суусан хүн эргээд надтай холбогдсон. Энэ сургалтад суусны дараа Шведэд байдаг нутгийнхаа хүмүүстэй холбоо тогтоогоод номын сандаа тохижилт энэ тэрийг шийдүүлсэн гэнэ. Сургалтад сууснаар санаа сэдлийг олсонд та нартаа баярлалаа. Номын сангаа тохижуулсны дараа эргэж холбогдоод туршлагаа хуваалцана гэж ярьсан. Бидний сургалтаас нэг ч гэсэн санаа сэдэл олоод тэр нь амьдрал дээр ажил болоод, тэр нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн орчин үеийн шинэлэг үйлчилгээ л гарч байх юм бол манай төслийн, бидний 21 аймагт ажиллаж байгаагийн үр дүн тэнд л гарна гэж бодож байгаа.     

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ