Жо Байден автомашин үйлдвэрлэгчдийн ажил хаялтыг дэмжив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-27 10:16:33

ЛАНСИНГ. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Мичиган муж улсад айлчлах үеэрээ ажил хаялт зарлаад байгаа автомашины үйлдвэрийн ажилчидтай уулзаж, тэднийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 


Түүнээс өмнөх АНУ-ын Ерөнхийлөгч нар ажил хаягчдыг дэмжих эрсдэлтэй алхмыг хэзээ ч хийж байгаагүй юм. Ж.Байден  ерөнхийлөгчийн сонгуульд өөртэй нь өрсөлдөх хамгийн их магадлалтай байгаа Дональд Трампаас нэг өдрийн өмнө Мичиганд иржээ. Харин ажил хаягчид удахгүй болох ерөнхийлөгчийн суудлын төлөөх өрсөлдөөн тэдний тэмцлийг улстөржүүлж магадгүй гэж болгоомжилж байна.


Ж.Байден жагсаалд оролцогчдод хандаж үг хэлэхдээ, тэднийг "цалин хөлс, бусад урамшууллаа мэдэгдэхүйц нэмэгдүүлэх эрхтэй" гэж мэдэгдсэн хэдий ч ажил хаялтад оролцогчид бүгдээрээ Байден, Трамп нарын айлчлалд таатай хандаагүй байна. "Тэд энд ирээгүй бол илүү дээр байх байсан. Бид хагаралдахыг хүсэхгүй байна, улс төрчид хөндлөнгөөс оролцох үед л санал зөрөлдөөн эхэлдэг" гэж ажил хаягчдын нэг нь BBC-д ярилцлага өгөхдөө хэлжээ. 


Америкийн автомашины үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрчний эвлэлийн /UAW/ гишүүд "Ford", "General Motors", "Stellantis" гэсэн гурван томоохон компанийн удирдлагад хандан цалингаа нэмэгдүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулахыг шаардан ажил хаялт зарлаад байгаа юм.


Үүнтэй холбогдуулан Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдэхдээ, хөдөлмөрийн маргаанд хөндлөнгөөс оролцохгүй гэжээ. АНУ-ын засаг захиргаа 2022 онд төмөр замын ажилчид болон тэдний ажил олгогчдын хоорондох хөдөлмөрийн зөрчлийг шийдвэрлэхэд идэвхтэй оролцож байсан юм.


Түүний хэлснээр, Ерөнхийлөгч "эрчүүд, эмэгтэйчүүд “UAW”-ийн гишүүд өөрсдийн оруулсан их хэмжээний орлогыг хуваалцах эрхтэй" гэж үзэж байгаа учир ажил хаягчдыг хувь хүнийхээ хувиар дэмжихээр шийджээ. 


Ж.Байден болон одоогоор БНН-аас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн их магадлалтайд тооцогдож буй Д.Трамп нарын Мичиганд хийсэн айлчлал нь Бүгд найрамдах намынхан болон Ардчилсан намынхны аль аль нь “UAW” холбооны гишүүд шиг “цэнхэр захтнуудтай”, “аж үйлдвэржсэн бүс” болох АНУ-ын төв болон зүүн хойд хэсгийн муж улсуудын сонгогчдын санал чухал гэдгийг ойлгож буйг харууллаа. 


Энэ муж улсад Ардчилсан намынхан 2016 оны сонгуульд ялагдаж, 2020 онд цөөхөн саналын зөрүүгээр ялж байсан тул мичиганчуудын саналыг авахын төлөөх өрсөлдөөн хүчтэй өрнөх төлөвтэй байна. 


UAW үйлдвэрчний эвлэл 2020 онд Ж.Байденыг дэмжсэн бол 2024 онд хэнийг дэмжихээ хараахан шийдээгүй байгаа бөгөөд тус үйлдвэрчний эвлэлийн дэмжлэгийг авахын тулд Ерөнхийлөгч илүү сайн ажиллах ёстой гэж үзэж байна.

Холбоотой мэдээ