Ази, Номхон далайн орнуудын зах зээлийн судалгааны байгууллагууд Улаанбаатарт чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ”Ази Номхон далайн судалгааны байгууллагуудын APRC-2023 XV чуулган” Улаанбаатар хотноо 10 дугаар сарын 12-13-нд болох талаар Монголын маркетинг судалгааны ассоциациас өнөөдөр мэдээллээ.
Чуулганыг “Хиймэл оюун ухаан, маркетингийн судалгааны
интеграци” сэдвээр зохион байгуулж, Дэлхийн судалгааны нийгэмлэг (ESOMAR)-ийн ерөнхийлөгч
тэргүүтэй 11 илтгэгч оролцож илтгэл хэлэлцүүлэх аж. Тодруулбал,
- шинэ технологийг судалгаа мэдээллийн үйл ажиллагаандаа
ашиглах,
- зан төлөвийн эдийн засгийг маркетингт ашиглах,
- хүн төвтэй бизнес хөгжүүлэлтийн үйл явц ба дизайн сэтгэлгээ,
- дижитал худалдан авалтын замнал,
- маркетингийн судалгаанд хиймэл оюун ухааныг ашиглах шинэ боломжууд,
- Е спорт онлайн тоглоомын Х, Ү үеийнхэнд нөлөөлөх нь, Азийн N1 суваг,
- нийгмийн маркетинг, сошиал медиа гэсэн 4 гол сэдвийн хүрээнд
өрнөх аж.
Ази, Номхон далайн 11 улсын 50 гаруй топ агентлаг, 200 гаруй бизнесийн байгууллага чуулганд хамрагдах юм. Энэ талаар Монголын маркетинг судалгааны ассоциацийн ерөнхийлөгч Ч.Даваасүрэн хэлэхдээ, “Ази, Номхон далайн орнуудын судалгааны байгууллагын чуулган хоёр өдөр үргэлжилнэ. Чуулганы эхний өдөр Дэлхийн судалгааны нийгэмлэгийн ерөнхийлөгч сургалт явуулна. Энэ нь дата мэдээллүүдээс гол санааг нь олж, судалгаа болон дүгнэлт шийдвэр гаргахад хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талын сургалт юм. Бизнесийн байгууллага төдийгүй төрийн байгууллага, шийдвэр гаргагч нарт хэрэгтэй үйл ажиллагаа болно” гэдгийг онцоллоо.
Чуулган нь техник, технологийн хөгжил, хиймэл оюун ухааныг ашиглан хэдийнэ амжилтад хүрээд байгаа Ази, Номхон далайн бүс нутгийн, глобал түвшний экспертүүдийн туршлагыг хуваалцана.
Т.Амаржаргал