Элэгний вирусын эсрэг дархлаажуулалт эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-19 16:28:00

Элэгний В гепатитаас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг Дундговь аймагт эхлүүлэхээр болсон байна. Аймгийн Эрүүл мэндийн газар “Элэгний хавдраас сэргийлье” аяныг ирэх долоо хоногт эхлүүлж хоёр сарын хугацаанд үргэлжлүүлэх гэж байгаа бөгөөд аяны хугацаанд дархлаажуулалтыг хийх ажээ.

Энэ тухай аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Б.Саруулцэцэгээс тодруулахад, эхлээд эрүүл мэндийн төвүүд 18- аас дээш насны хүн амд элэгний В, С вирусын илрүүлэг оношлогоо хийнэ. Дараа нь халдваргүй хүн амыг дархлаажуулалтад сайн дурын нь үндсэн дээр хамруулах юм. Эхний удаад ХСҮТ- өөс 500 тун вакцин захиалан авчирсан. Дархлаажуулалтад хамрагдах хүн вакциныг нэг сарын зайтай 2 удаа хийлгэнэ. Нэг тун вакцин 5 мянган төгрөгийн үнэтэй байна гэлээ.  

Дундговь аймгийн хүн амын дунд элэгний хавдарын өвчлөл зонхилох хувийг эзэлсэн хэвээр, энэ оны эхний 8 сарын байдлаар гэхэд хавдрын 47 тохиолдол  шинээр бүртгэгдсэний 36 хувь нь элэгний хавдар байна. Иймээс элэгээ вирусын халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг хүн амын дунд эрчтэй зохион байгуулах нь дээрхи аяны зорилго байх  ажээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ