Байлдагч Т.Кингийг Америкийн талд хүлээлгэж өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-28 10:42:57

ВАШИНГТОН. /CNN/. Өнгөрсөн долоодугаар сард Умард Солонгосын хилийг хууль бусаар нэвтэрсэн Америкийн армийн байлдагч Травис Кингийг лхагва гарагт АНУ-ын талд буцаан шилжүүлжээ.


Энэ тухай Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер мэдэгдлээ.


Т.Кингийг сулласан явдал бол АНУ, Умард Солонгосын харилцаанд гарсан ховорхон тохиолдлуудын нэг юм. Саяхан АНУ-ын эрх баригчид Украины дайнд хэрэглэх зэвсгийг Орост нийлүүлэхгүй байхыг Пёньянд анхааруулсан тул байлдагчийг эргүүлэн авах эсэх нь эргэлзээтэй байлаа. Энэ сарын эхээр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар ОХУ-д айлчилсан ба Умард Солонгос баллистик пуужингийн хэд хэдэн туршилт хийснийг АНУ буруушаасан билээ.


"Бид байлдагч Т.Кингийн эргүүлэн авчрахын төлөө уйгагүй ажилласан хамтарсан багийн хичээл зүтгэлийг үнэлж байна. Түүнчлэн БНАСАУ-д АНУ-ын эрх ашгийг төлөөлж, дипломат үүрэг гүйцэтгэсэн Шведийн засгийн газар болон Т.Кингийг нутгаараа дамжин өнгөрүүлсэн БНХАУ-ын засгийн газарт талархаж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан онцлон мэдэгдлээ.


Хойд Солонгосын төрийн мэдээллийн төв агентлаг KCNA лхагва гаргийн өглөө мэдээлснээр, долоодугаар сард Умард болон Өмнөд Солонгосыг тусгаарласан зэвсэггүй бүсэд (JSA) зохион байгуулсан аяллын үеэр Умардын нутагт нэвтэрсэн Т.Кингийг "хөөж гаргах" шийдвэрийг гаргасан байна. Умард Солонгост Т.Кингийг мөрдөн шалгах ажиллагаа дууссан ажээ.


Хятадын Дандонг хотод хүрэлцэн ирсэн АНУ-ын Элчин сайд Николас Бернст Т.Кингийг хүлээлгэн өгсөн бөгөөд тэрбээр хэдхэн цагийн дараа АНУ-д ирнэгэж Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч М.Миллер мэдэгджээ.


Т.Кингийг Техас муж улсын Сан-Антонио хот дахь Брукийн нэрэмжит армийн эрүүл мэндийн төвд хүргэх аж. 

 


Холбоотой мэдээ