Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх Монгол-Оросын хамтарсан комиссын ХХ хуралдааныг ОХУ-д зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол-Оросын хамтарсан комиссын ХХ хуралдааныг 2025 онд ОХУ-д зохион байгуулна.
Үйлдвэрийн осол, байгалийн
гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах салбарт хамтран
ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар
хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XIX
хуралдааныг есдүгээр сарын
27-нд зохион байгуулж, талууд
протоколд гарын үсэг зурсан юм.
Хамтарсан комиссын хуралдаанаар ОБЕГ, ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой
байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам хоорондын 2024-2025 оны хамтын
ажиллагааны төлөвлөгөөг баталжээ. Тус
төлөвлөгөөнд Монгол, ОХУ, БНХАУ
гурван улсын гал түймэр унтраах, аврах албаны олон улсын дадлага сургуулийг
зохион байгуулах, Монгол Улсын Онцгой байдлын алба хаагчид Олон улсын гал
түймэр унтраах, аврах ажиллагааны IV их хуралд оролцох, хий дамжуулах хоолой, нефть, химийн
байгууламжид гарсан гал түймэртэй тэмцэх чиглэлээр хамтарсан сургалтууд зохион
байгуулах зэрэг ажлыг тусгасан байна.
Түүнчлэн хил орчмын нутаг дэвсгэрт хил дамнасан гамшиг, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих зорилгоор баталсан шуурхай мэдээлэл солилцох журамд заасны дагуу мэдээлэл солилцоход анхаарах, алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, аврах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх сэтгэлзүйч бэлтгэх сургалтыг хамтран зохион байгуулах, Монгол-Оросын хамтарсан комиссын ХХ хуралдааныг 2025 онд ОХУ-д зохион байгуулахаар тохиролцсоныг ОБЕГ-аас мэдээллээ.