Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит бус хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр, төлөөлөгчдөөс 42 санал гарч, НИТХ дахь ажлын хороо, намын бүлгүүдээс гарсан саналыг тусган, Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөг баталлаа.
Төлөвлөгөөний төсөлд нийслэлийн нутгийн захиргааны 82
байгууллага, нэгжээс 734 үйл
ажиллагааны санал ирсэн бөгөөд бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн
уялдаа холбоог хангаж, нийгэм, эдийн засагт оруулах ач холбогдол, нэн тэргүүний
хэрэгцээ шаардлага,
урьдчилсан нөхцөл, бэлтгэл хангасан
байдал, санхүүгийн эх үүсвэрийн баталгаа зэрэг нөхцөл, шаардлагыг харгалзан
эрэмбэлж тусгажээ. Төслийг үр дүнд суурилсан тодорхой байх, хэмжиж, хүрч
болохуйц, бодитой, цаг хугацаатай байх гэсэн шаардлагыг баримталж, цогц
байдлаар боловсруулжээ.
Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө нь хотын хөгжлийн
индекстэй уялдсан хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар хотын авто замын
түгжрэлийг бууруулах бодлого гэсэн зургаан бүлэгтэй. Энэ хүрээнд 143 үр дүн бүхий 418 төсөл, үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм. Тодруулбал,
дүүргийн Эрүүл мэндийн төвийг түшиглэн "Эрүүл мэндийг дэмжих” төв шинээр
байгуулан, хүлэмжийн аж ахуйн талбайн хэмжээг нэмж, гол нэрийн хүнсний
бүтээгдэхүүний улирлын хэлбэлзлийг бууруулах, төрийн үйлчилгээний нэгдсэн цахим
системд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 91 үйлчилгээг шилжүүлэх
зэрэг зорилт дэвшүүлэв. Мөн
нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмж, гэр хорооллын дахин
төлөвлөлтийн төслийг эрчимжүүлэх, авто замын сүлжээг нэмэх ажлыг төлөвлөгөөнд
тусгасан байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын Захирагч Д.Сумъяабазар, “Улаанбаатар
хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа УИХ-аар шинэчлэн батлуулсны цаана нийслэлчүүдийн эрх ашиг
бий. Тус хуулиар нийслэл бонд гаргах эрхтэй болсон нь ажил хэрэг болж байна. Өмнө нь жилд зөвшөөрөлгүй 100
хүрэхгүй гарааш буулгадаг байсан бол одоо 7000 гаруйг буулган, ногоон
байгууламжийг нэмлээ. Түүнчлэн Хотын стандартыг баталж, эрүүл, аюулгүй
орчинд амьдрах нөхцөл бүрдүүлж, Яармаг,
Зайсангийн гүүрийг үндэсний
компаниуд барьж, эхнээсээ
ашиглалтад орж байна. УИХ-д
Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн түр хороог байгууллаа. Хотын эрх
зүйн шинэтгэл, эдийн засгийн бие даасан байдал, эрүүл засаглал хөтөлбөрийг УИХ, Засгийн газрын түвшинд дэмжиж, хамтран ажиллаж байгаа. Хотын санхүүгийн эх үүсвэрийг нэмэхийн тулд, тулгамдсан асуудлыг
шийдэхээр Улаанбаатар хотын багц хуулийг өргөн барина” гэлээ.