Хотын стандартыг сурталчиллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-09-28 15:35:39

Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Стандартчлалын салбар үүсэж хөгжсөнийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газраас “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөгийг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.


Хотын стандарт, хяналтын газар /ХСХГ/-аас өнгөрсөн онд батлагдсан хотын стандартыг “Стандарттай хот-Байгальд ээлтэй хүртээмжтэй дэд бүтэц-Тухтай орчин” уриан дор олон нийтэд таниулан сурталчилж байна. Өдөрлөгт оролцсоноор нийслэлд хэрэгжиж буй, батлагдсан стандарт, стандартын баримт бичиг, түүнийг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.


Өдөрлөгт Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Сорьцын хяналтын газар, Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газар, Стандарчилал, баталгаажуулалтын газар, Мэдээллийн технологи, стандартын төв судалгаа болон 21 аймгийн стандарт, хэмжил зүйн хэлтсүүд оролцлоо. Энэ үеэр олон улсын болон байгууллагын стандарт бүртгүүлэн хэрэглэх, замын цагдаа, уул уурхай, аж ахуйн нэгжид ашиглаж  буй согтуурлын түвшин тогтоох багжийг шалгах, органик бүтээгдэхүүний баталгаажуулалт болон эрдэнийн чулууг тодорхойлж, гэрчилгээ олгох, алтан эдлэлийн сорьцыг төхөөрөмжөөр шалгах, автомашины цацрагийн бохирдол шалгах, сургууль, цэцэрлэг, ажлын байрны агаарт радон хийн хуримтлалын хэмжээ тодорхойлох талаар мэдээлэл өгч танилцуулав. 



ХСХГ-ын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Даваахатан “Хотын стандарт батлагдсанаас хойш тэдгээрийг хангуулан, хэрэгжилтийг хянаж байна. Тухайлбал, орчны аюулгүй байдал, нийтийн тээврийн стандартыг хэрэгжүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зэрэг 15 бүлгийн стандартыг үе шаттай мөрдүүлж байгаа. Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэрэг нь иргэд, хүүхдэд ээлтэй байх нь чухал. Иймд нэн тэргүүнд амьдрах орчинд стандарт хангуулах, мэргэжлийн аж ахуйн нэгж, байгууллагад стандартыг мөрдүүлж, мэдээллээр хангах шаардлагатай” хэмээлээ.



Хотын стандартын Нийгмийн дэд бүтэц бүлэгт ерөнхий боловсролын сургуулийн гадна орчинд тавигдах шаардлагыг тусгаад байгаа. Үүнд гадна зай, талбай, орц, гарц, спорт, яаралтай үед цугларах талбай, аюултай үед хэрэгжүүлэх, анхаарах, хориглох арга хэмжээг багтаажээБарилгаас гарч буй хог хаягдал байгальд шингэдэггүй, 80 хувь нь эдийн засгийн эргэлтэд орох боломжтой байдаг. Иймд тухайн хог хаягдлыг оновчтой ангилан ялгах, байгаль орчинд үзүүлэх нөлөөг багасгах, эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд сурталчилжээ


                                                                                                                                                                                Т.Амаржаргал

Холбоотой мэдээ