ХЭНТИЙ: Үзэсгэлэн худалдаагаар нийт 51,6 сая төгрөгийн борлуулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-28 17:30:23
Чингис /МОНЦАМЭ/. "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаанд 18 сум, дөрвөн тосгоны 250 иргэн, аж ахуйн нэгж, нөхөрлөл хоршоод, 180 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, нийт 51,6 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Энэ үеэр шилдгийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, ногоочид, зохион байгуулалт сайтай оролцсон сумдыг шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай. Шилдэг сумаар Дархан сум тодорч, дэд байрт Хэрлэн сум, гутгаар байрт Биндэр сум шалгарав.

Мөн “Эрүүл хүнс 2023” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Батширээт сумын Б.Галсан, Мөрөн сумын “Сүүт хөх өндөр” хоршоо, Баянмөнх сумын Б.Эрдэнэчимэг нар, Шилдэг мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Дархан сумын Д.Ганхуяг, Шилдэг гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Хэрлэн сумын “Дрэйм кэйк”, Өмнөдэлгэр сумын Т.Одончимэг, Шилдэг зөгийн бал бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Биндэр сумын И.Энхчимэг, Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Дадал сумын “Дадал хийц цай” бүтээгдэхүүнээр С.Мөнхчимэг нар шалгарлаа.

Харин "Шинэ ургац-2023" үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос Шилдэг ногоочноор Норовлин сумын Г.Доржханд, Мөрөн сумын Ц.Нэргүй, Шилдэг даршилсан ногоо төрөлд Баян-Овоо сумын Р.Чулуунбилэг, Шилдэг боловсруулсан жимс, жимсгэнэ төрлөөр Батноров сумын Р.Чулуунбилэг нар шалгарлаа.

Түүнчлэн Нэг суурин-Нэг бүтээгдэхүүн үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос “Шилдэг мод, модон эдлэл”-ийн төрлөөр Дадал сумын Б.Энхтүвшин, Шилдэг гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн төрлөөр Хэрлэн сумын Ц.Үүрийнтуяа, Шилдэг оёмол бүтээгдэхүүн төрлөөр Батноров сумын “Гурван бүлэг”, Шилдэг арьс ширэн эдлэл төрлөөр Хэрлэн сумын Л.Мөнхцэцэг, Шилдэг брэнд бүтээгдэхүүний багц төрлөөр Дадал сумын Ц.Болорцэцэг, Шилдэг шинэ санаа шилдэг бүтээл /Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн/ төрлөөр Бор-Өндөр сумын А.Мөнхбаатар, Цэнхэрмандал сумын “Өгөөж мандал дэвжих” хоршоо тус тус шалгарчээ. Шагналыг аймгийн удирдлагууд болон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид гардуулан өгч баяр хүргэлээ.

“Намрын ногоон өдөр”-үүд үзэсгэлэн худалдааны үеэр Баянмөнх сумын малчин Н.Адъяасүрэн төрийн есөн шарга моринд зориулан урласан хазаараа аймгийн Засаг даргад гардуулан өглөө.
Аймгийн ИТХ-ын шийдвэрээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд иргэдийн санал санаачилгыг тусгах, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод нээлттэй хүргэх зорилгоор жил бүрийн 9 дүгээр сарын 26-ны өдрийг “Иргэдийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Эл өдөр Хан Хэнтий уулын аймаг байгуулах түүхэн түүхэн шийдвэр гарсан өдөр гэдгээрээ онцлогтой. Тиймээс энэ жил тус өдрийг төрийн үйлчилгээг иргэдэдээ хүргэх зорилгоор 27 байгууллагын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөр”, соёл урлагийн үйлчилгээг иргэдэд хүргэх зорилготой “Соёлын ажилтны өдөр”, орон нутагтаа үйлдвэрлэсэн баялаг бүтээгчдийн брэнд бүтээгдэхүүнийг худалдан борлуулах “Намрын ногоон өдрүүд” үйл ажиллагааг хамтатган зохион байгуулсан нь энэ юм. 


Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун нар иргэдийн дуу хоолойг сонсох зорилгоор "Иргэдийн индэр"-ийг байршуулж санал хүсэлтийг нь хүлээн авч уулзлаа.

Холбоотой мэдээ