Зүрх судасны эмч нар өнөөдөр иргэдийн асуултад цахимаар шууд хариулт өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
uranatuya@gmail.com
2023-09-29 10:09:46

Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дэлхийн зүрхний өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөртэй холбогдуулан өнөөдөр буюу есдүгээр сарын 29 -ний 15-18 цагийн хооронд Зүрх судасны үндэсний төвийн эмч нар  иргэдийн асуултад хариулт өгч цахим уулзалт зохион байгуулна.


Цахим уулзалтыг “Зүрх судасны үндэсний төв-Иргэдэд” Facebook хуудсаар шууд дамжуулах юм байна. Уулзалт, зүрх судасны өвчнөөр өвдөхгүй байх боломжтой юу, даралт ихсэлтийн талаар таны мэдэхгүй нууц, зүрхний цохилтын тоо, хэмнэл чухал уу? гэх мэт сэдвийн хүрээнд өрнөнө. Мөн маргааш буюу сарын 30-ны бямба гарагийн 10 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зүрхэн хэлбэртэй маршрутын дагуу алхаж, гүйж, дугуй унах арга хэмжээ болох юм байна. Түүнчлэн зүрх судасны хөдөлгөөн засал, сэргээн заслын эмч нар гэртээ хийх боломжтой дасгал зааж өгөх аж.


Дэлхийн зүрхний өдрийг дэлхийн улс орнууд 2000 оноос эхлэн тэмдэглэж ирсэн бөгөөд манай улсын хувьд 5 дахь жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Зүрх судасны өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг тогтмол, тодорхой давтамжтайгаар зохион байгуулах чиглэлээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны үндэсний төв сүүлийн 10 жилд төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа юм.  Мөн зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөл, нас баралтыг бууруулах үндэсний төлөвлөгөөгөө шинэчлэн 2024-2027 онд хэрэгжих төлөвлөгөө болгон дахин боловсруулсан байна.

 

Холбоотой мэдээ