МОНЦАМЭ агентлаг ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-10-01 14:05:11
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан МОНЦАМЭ агентлагийн захиргаанаас есдүгээр сарын 29-ний өдөр гавьяаныхаа амралтыг эдэлж буй ахмад настнуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.


МОНЦАМЭ агентлагийн дарга Э.Содонтогос энэ үеэр хэлэхдээ, манай агентлаг жил бүрийн олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настнуудаа хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол бидний ахмад настнуудаа сонсдог өдөр төдийгүй Та бүхний бие биетэйгээ уулзан амар мэндээ мэдэлцэж, нандин дурсамжаа хуваалцдаг өдөр билээ. МОНЦАМЭ агентлаг олон жилийн туршид хийж ирсэн Монгол Улсыг дэлхийд сурталчлах үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ дэлхийн мэдээллийг монголчууддаа, төрийн албан ёсны байр суурийг олон нийтэд хүргэдэг ажлаа нэр төртэй хийж байгаа. Өнөөдөр манай хамт олон өдөр тутам 5 хэлээр цахим хуудсаа идэвхтэй ажиллуулахын хажуугаар монгол, англи, орос, хятад, япон хэлээрх сонин, “Mongolia today” сэтгүүлээ цаг хугацаанд нь гарган ажиллаж байна. Ингэхдээ мэдээ мэдээлэл, орчуулгын чанар, хэвлэлийн дизайн, өнгө төрхийг эрс сайжруулж, орчин үеийн мэдээллийн байгууллагын стандартад нийцэн ажиллахыг эрмэлзэж байна. Үүний тулд тодорхой шинэчлэлийг хийж байна. Энэ шинэчлэл цаашид ч үргэлжлэх болно хэмээгээд нийт ахмадууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


МОНЦАМЭ агентлаг нь нийт 80 гаруй ахмад настантай бөгөөд ихэнх нь сэтгүүлч, орчуулагч, гэрэл зургийн сурвалжлагч, инженер техникийн ажилтнууд байдаг юм. Уулзалтын үеэр ахмадуудаа төлөөлөн МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирал асан Ч.Эрдэнэ, Ахмадын хорооны дарга Б.Зоригт нар үг хэлж, олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан өндөр настнууддаа хүндэтгэл үзүүлсэн агентлагийн хамт олон, удирлагууддаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүслээ.




















Холбоотой мэдээ