Улс байгуулагдсаны ойн хүлээн авалтад Хятадын Батлан хамгаалахын сайд оролцсонгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРХОНКОНГ, 2023 оны аравдугаар сарын 1 /TASS/. БНХАУ байгуулагдсаны ойн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад Батлан хамгаалахын сайд Ли Шанфу оролцсонгүй. Дээд удирдлагуудын оролцдог уг арга хэмжээнд энэ албан тушаалыг хашиж байсан түүний өмнөх хүн Вэй Фэнхэ ч (2018-2023) мөн оролцсонгүй гэж "Шиндао жибао" сонин мэдээлжээ.
БНХАУ байгуулагдсаны 74 жилийн ойн хүлээн авалт есдүгээр сарын 28-нд Ардын их хурлын ордонд болжээ. Жил бүр энэ арга хэмжээнд төр, нам, засаг, цэргийн дээд удирдлагад ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа хүмүүс уригдан оролцдог аж.
Хятадын төв телевизээр гарсан бичлэгээс үзэхэд 1993-2003 онд Батлан хамгаалахын сайд, 1995-2003 онд БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч даргаар ажиллаж байсан 94 настай Чи Хаотян, уг албан тушаалыг хашиж байсан Лян Гуанле (2008-2013), Чан Ванчюан (2013-2018) нар, мөн Хятадын Ардын чөлөөлөх армийн (ХАЧА) Ерөнхий штабын дарга асан Чэн Биндэ (2007-2012) нар оролцжээ.
Харин одоогийн Батлан хамгаалахын сайд болон өмнөх сайд баяр ёслолд байхгүй байгаа нь ХАЧА-ийн стратегийн Пуужинт цэргийн анги дахь авлигын хэрэгтэй холбоотой байж магадгүй байна. Тус ангийн ерөнхий командлагч Ли Ю Чао, түүний хоёр орлогч болох дэслэгч генерал Жан Жэнжүн, хошууч генерал Лю Гуанбин нар энэ хэрэгт сэжиглэгдэж байгаа бөгөөд гурван генералыг баривчилсан талаар “South China Morning Post” сонин долоодугаар сарын 28-нд эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ.
Вэй Фэнхэ нь Батлан хамгаалахын сайд болохоосоо өмнө 2012-2017 онд Пуужинт цэргийн хүчний (2015 онд шинэчлэл хийхээс өмнө Их бууны хоёрдугаар корпус гэж нэрлэдэг байсан) ерөнхий комдлагч байсан бол түүний залгамжлагч Ли Шанфу 2016-2017 онд Стратегийн дэмжлэг үзүүлэх хүчний ерөнхий командлагчийн орлогчын албан тушаалыг хашиж байгаад дараа нь зэвсэг худалдан авах ажлыг хариуцдаг Цэргийн төв тойргийн Зэвсгийн хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан байна.
Түүнийг албан тушаалаасаа удахгүй огцорч магадгүй гэж "Шиндао жибао" сонин өмнө нь мэдээлж байв. Батлан хамгаалах яамны шинэ сайдаар нэгдсэн штабын дарга Лю Жэнли томилогдох төлөвтэй байна гэж тус сонинд бичжээ.
Хятадын Батлан хамгаалахын сайд хамгийн сүүлд наймдугаар сарын 29-нд Бээжинд болсон Хятад, Африкийн энх тайван, аюулгүй байдлын гуравдугаар чуулганд оролцож үг хэлснээсээ хойш олны өмнө гараагүй юм. Ли Шанфуг албан тушаалаас нь огцруулж, шалгаж байгаа гэж өмнө нь Financial Times сонин эх сурвалжуудын мэдээллийг эш татан мэдээлж байсан юм.
БНХАУ байгуулагдсаны ойг Хятадад 10 дугаар сарын 1-нд тэмдэглэдэг. Энэхүү үндэсний гол баярыг угтан орон даяар баяр ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж, долоо хоногийг амралтын өдөр болгон зарладаг. Энэ жилийн амралтын өдрүүд есдүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 6 хүртэл үргэлжилнэ.