АНУ-ын засгийн газрыг түр санхүүжүүлэх хуулийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-01 12:22:09

ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 1 /AP/. АНУ-ын засгийн газрыг 45 хоногийн хугацаанд түр санхүүжүүлэх тухай хуулийн төслийг Конгрессын хоёр танхим бямба гарагт баталлаа. 


Уг төсөлд Украинд тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг тусгаагүй бөгөөд зөвхөн засгийн газрын санхүүжилт, гамшигт нэрвэгдэгсдэд үзүүлэх тусламжийг тусгажээ. Ийнхүү Конгрессын гишүүд засгийн газрын санхүүжилт зогсохоос урьдчилан сэргийлж чадлаа. 


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Конгрессын хоёр танхимын баталсан төсөлд гарын үзэг зуржээ. “Энэ төсөл нь цэргийн албан хаагчид цалингаа үргэлжлүүлэн авч, аялагчдыг нисэх онгоцны буудлуудад саатахаас сэргийлж, олон сая эмэгтэйчүүд, хүүхдүүд амин чухал хүнсний тусламж авах боломжийг олгоно. Энэ бол Америкийн ард түмний хувьд сайн мэдээ” гэж тэрбээр мэдэгдлээ. Үүний зэрэгцээ Ж.Байден Киевт үзүүлэх тусламжийг зогсоохыг зөвшөөрөхгүй гэдгээ сануулжээ. "Вашингтон ямар ч тохиолдолд Украинд үзүүлэх дэмжлэгээ зогсоож болохгүй" гэж тэрбээр хэлсэн байна.


“Төлөөлөгчдийн танхимын дарга болон Конгрессын гишүүдийн ихэнх нь Украиныг тууштай дэмжиж байгаа боловч энэ дэмжлэгийг үргэлжлүүлэх шинэ санхүүжилт энд алга. Бид ямар ч тохиолдолд АНУ-аас Украинд үзүүлэх дэмжлэгийг тасалдуулж болохгүй" гэж Ж.Байден мэдэгдэлдээ дурджээ. Мөн Төлөөлөгчдийн танхимын дарга Кевин Маккартигаас Украинд цаашид тусламж үзүүлнэ гэсэн амлалтыг хүлээж байна гэдгээ мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ