Индонезид Зүүн Өмнөд Азийн анхны суман галт тэрэг явж эхэллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-10-02 10:08:39

ЖАКАРТА, 2023 оны аравдугаар 2 /CNN/. Индонез улсад Зүүн Өмнөд Азийн анхны суман галт тэрэг ням гарагт зорчигчдод үйлчилж эхэллээ.


“Бүс ба Зам” дэд бүтцийн санаачилгын хүрээнд Хятадын төрийн өмчит компаниудын санхүүжилтээр хэрэгжүүлсэн 7.3 тэрбум ам.долларын өртөгтэй энэхүү төслийн хүрээнд Индонезийн хоёр том хот болох Жакарта ба Бандунг хотыг холбосон төмөр замаар өндөр хурдны галт тэрэг явж эхэлжээ.


138 км урт өндөр хурдны галт тэрэгний шугамыг WHOOSH нэрлэсэн бөгөөд энэ нь индонез хэлээр "цаг хэмнэлт, оновчтой ажиллагаа, найдвартай систем" гэсэн утгатай юм. Цагт 350 км хурдалдаг шинэ суман галт тэрэг цахилгаан хөдөлгүүртэй тул нүүрстөрөгч ялгаруулахгүй.  WHOOSH шугамыг ашиглалтад оруулснаар Жакарта-Бандунгийн чиглэлд өмнө нь гурван цаг явдаг байсан бол одоо нэг цаг хүрэхгүй хугацаанд зорчиж байна гэж албаны хүмүүс мэдэгдэв.


Индонезийн халуун орны уур амьсгалд тохируулан тоноглосон уг галт тэрэг газар хөдлөлт, үер болон бусад онцгой байдлын үед ажиллах аюулгүй байдлын системээр тоноглогдсон ажээ. 



 

Холбоотой мэдээ