“Мongolia Mining 2023” олон улсын үзэсгэлэнд 20 гаруй орон оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-03 17:15:46

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Мongolia Mining 2023” олон улсын уул уурхай, газрын тосны 12 дахь удаагийн үзэсгэлэнг Буянт-Ухаа спортын ордонд нээлээ.


Үзэсгэлэнд БНХАУ, ОХУ, Канад, ИБУИНВУ, Турк, Австрали, Беларусь, ХБНГУ, Австри, АНУ, Финланд, Казахстан, БНСУ, БНЭУ зэрэг 20 гаруй орны уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компани, үйлчилгээ, тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч, үнэлгээ, зөвлөгөө өгөх компани, хөрөнгө оруулагч болон эдгээр салбарт оролцоо бүхий 200 орчим бизнесийн байгууллага, компани оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлан, тоног төхөөрөмжөө дэлгээд байна. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн бүтээмжийг дээшлүүлэх стратеги, “Эрдэнэс Таван Толгой”, “Эрдэнэт” үйлдвэр, “Оюутолгой” компанийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, худалдан авалтын ил тод байдлыг сонирхуулж, ил уул уурхайн “Комацу” брэндийн тоног төхөөрөмжийг танилцуулж байлаа.


“Мongolia Mining 2023” үзэсгэлэнд БНЭУ хамтрагчаар оролцож байна. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх хэлэхдээ, “Монгол Улсын эдийн засгийн гол зүтгүүр нь уул уурхайн салбар юм. ДНБ-ийх нь дөрөвний гурван хувийг тус салбар дангаараа бүрдүүлдэг. Монгол Улсын Засгийн газар бусад салбарыг эрчимтэй хөгжүүлэхийг эрмэлзэж байгаа. Энэ утгаараа уул уурхайгаас бусад салбар үзэсгэлэнд оролцож байгаад талархаж байна. Энэтхэг улс 2019 оноос үзэсгэлэнд идэвхтэй оролцож, энэ удаад илүү газрын тос, хийн үйлдвэрлэл зэрэг олон компани мөн, манай улсын УУЯ болон геологи, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөллүүд хүрэлцэн ирээд байна. Ирэх жилүүдэд ч илүү олон компани шинэ санаа, шинэлэг бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг оруулж ирж, сонирхуулна гэдэгт итгэлтэй байна. Манай улс Дорноговь аймагт 1.5 сая тонн газрын тос үйлдвэрлэх хүчин чадалтай Газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгаа. Тус үйлдвэр байгуулах 4 дэх шатны гэрээг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Цаашид ч бидний хамтын ажиллагаа өргөжин, Монголын эдийн засгийг солонгоруулах, төрөлжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно” хэмээв.


Тус үзэсгэлэнд тав дахь удаагаа ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож буй “Трансвест Монголиа ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Эндрю Херод “Манай компани уул уурхайн салбарт өргөн хүрээнд хамтын ажиллагаа өрнүүлдэг. Монголд 1990 оноос хойш уул уурхайн тоног төхөөрөмж борлуулж байна. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Өмнөговь аймгийн Ханбогд суманд нийлүүлдэг. Зарим технологио сонирхуулж, энэ үзэсгэлэнд 3 том бульдозерыг гадна талбайд тавьсан. Мөн сургалт, семинар зохион байгуулж байна. Монголын эдийн засгийн ноён нуруу болсон уул уурхайн үзэсгэлэн улам идэвхжинэ гэж итгэж байна” гэлээ.


Тус үзэсгэлэнд Австрали Улсын 7 компани оролцож байна. Уул уурхайн салбарт манай улстай цаашид хамтын ажиллагааг хэрхэн өрнүүлэх талаар Австрали Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Кэйти Смит ярихдаа, “Үзэсгэлэнд голдуу эрчим хүчний салбарын компани оролцож байгаа. Монгол, Австралийн хооронд уул уурхайн чиглэлээр ажилладаг жараад компани бий. Ашигт малтмалын хайгуулаас эхлээд боловсон хүчин бэлтгэх зэрэг янз бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Австрали Улсын уул уурхайн салбарт Монголтой төстэй олон бэрхшээл тулгардаг. Тэр бүхнийг шийдэхийн тулд шинэ инновацид тулгуурласан нээлтүүдийг бий болгох, байгаль орчин, аюулгүй байдал, хиймэл оюун ухаанд суурилсан шийдлүүдийг боловсруулахыг зорьж байгаа. Монгол Улстай нэлээн хэдэн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Тухайлбал, Австралийн хайгуулын компаниудыг Монголд авчирч үйл ажиллагаа эхлүүлэхийг дэмжихээс гадна өндөр чадамжтай боловсон хүчнийг Австралид туршлага судлуулаад, Монголдоо эргэн ирж ажиллахад анхаарна” гэлээ.


Энэ удаагийн үзэсгэлэн цар тахлын дараа уул уурхайн салбар сэргэж, эдийн засаг хурдацтай өсөж буй цаг үед болж байгааг “Mongolia Mining-2023” уул уурхайн үзэсгэлэнг санаачлагч, “Майнэекс Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Т.Баттулга үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцолсон юм.


Тэрбээр, “Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний хагас жилд 6.2 хувийн өсөлттэй байсан нь уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотой. Ганц баримт дурдахад энэ он эхний 8 сарын дүнгээр манай улс нийт 40 сая гаруй тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад хоёр дахин өссөн дүн юм. Ийм эрчтэй өсөлтийн үеэр үзэсгэлэн зохион байгуулж байгаа тул үзэсгэлэнд оролцогчдын тоо урьд урьдынхаас олширч, талбайн эрэлт их байлаа. Уул уурхайн долоо хоног энэ сарын 9-14-нд үргэлжилнэ. Ингэхээр 10 дугаар сарын эхний хагаст Улаанбаатар хотод уул уурхайн салбарын үйл ажиллагаа тасралтгүй болж, салбарын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, инженер техникийн ажилтнууд, ханган нийлүүлэгчид хуран чуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд БНЭУ-ын УУЯ оролцож байгааг онцолмоор байна. Үзэсгэлэнгээс илүү олныг хамарсан, олон харилцаа, хамтын ажиллагаа бий болж байгаа учраас үр дүнтэй, олон бизнесийн хэлцэл хийгдсэн, амжилттай үзэсгэлэн болох нь дамжиггүй” хэмээн ярилаа.



Үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулах семинарт Монголын уул уурхайн салбарын хөгжил, дэлхийн чиг хандлага, томоохон компаниудын худалдан авалтын бодлого, төлөвлөгөөний талаар танилцуулж, хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжлийн асуудлаар салбарын мэргэжилтнүүд санал солилцож, олон улсын туршлагаас хуваалцаж байна.



Үзэсгэлэнгийн Ерөнхий зохион байгуулагчаар Майнакс Монголиа ХХК, ерөнхий ивээн тэтгэгчээр Трансвест Монголиа ХХК, Грэй Стоун ХХК Майнс Ап ХХК, дэмжигчээр УУХҮЯ, АМГТГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюу Толгой ХХК ажиллажээ. Үзэсгэлэнгийн хамтрагчаар 2022 онд Австрали Улс, 2021 онд ИБУИНВУ ажиллаж байв.

"Mongolia Mining 2023" үзэсгэлэн 10 дугаар сарын 5-ныг дуустал үргэлжилнэ. 



Холбоотой мэдээ