МУГТ Б.Чинзориг мөнгөн медалийн болзол хангаж, олимпын эрхээ авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Ханжөү 2022” Азийн наадмын анхны хос медальт боксчин болсон Б.Чинзориг мөнгөн медалийн төлөөх тулаандаа Тайландын боксчин, өнгөрсөн оны тивийн аварга Бунжонг Синсириг 5:0 харьцаатай хожиж, тивийн наадмын аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.
Тэрбээр финалд
шалгарснаар гурав
дахь удаагаа олимпод өрсөлдөх эрхтэй боллоо.
Казахстаны
боксчинтой хийсэн тулааныхаа дараа МУГТ
Б.Чинзориг “Дэлхийд Куба, Казахстан, Узбекистан улс эхний эгнээнд байдаг. Маш
олон олимп, дэлхийн аваргуудтай. Миний 2 дахь тулаан Узбекистан, гурав дахь нь
Казахстан гээд бүгд нэг зоонд орчихсон чанга сугалаа таарсан. Хүчтэй орнуудын
боксчдыг ялж гарч ирсэндээ баяртай байна. Хагас финалд Тайландын тамирчинтай
тоглоно. Өмнө нь бид хоёр Азийн аваргаар хоорондоо тоглоод би ялагдаж байсан.
Гэхдээ би түүнийхээ хариуг авна гэж боддог. Яагаад гэхээр тухайн үеийн шүүлтийн
үр дүнтэй санал нийлдэггүй” хэмээн ярилцлага өгч байсан бол хэлсэндээ хүрч
өнөөдөр Тайландын тамирчныг 5:0-оор буулгаж авснаар “Парис 2024” олимпын
эрхийг авсан юм.
Рингнээс буусныхаа дараа тэрбээр “Цохилт бүрийг минь уухайлан дэмжиж байсан
монголчууддаа баярлалаа. Монголд төрсөндөө, монгол тамирчин болсондоо баярлаж
явдаг. Та бүхэн минь надад дандаа урам зориг өгдөг шүү” гэлээ.
МУГТ Б.Чинзориг алтан медалийн төлөө маргааш 2022 оны Ази тивийн хүрэл медальт Тайванийн тамирчинтай тулалдана.