Уламжлалт анагаах ухааны эмч нар үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Олон улсын Монгол эмнэлгийн хорооны хамтын ажиллагааны хүрээнд эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн сургалтыг энэ сарын 2-нд, Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт 3-нд явуулж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийлээ.
Монгол эмнэлгийн хорооны уламжлалт анагаах ухааны эмч нарын үзлэг, оношилгоо хоёр өдөр үргэлжлэх юм. Эхний өдөр хүүхдийн сэргээн засал, чих, дотоод шүүрэл, үе мөч, зүрх судас, зүрхний цахилгаан бичлэг, хэвлийн ЭХО, гар засал, мэдрэл, сэтгэц судлалаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 60 гаруй иргэнд үзүүлсэн байна.
Манай улсад сүүлийн жилүүдэд зүрх судас, хавдрын өвчлөл нэмэгдэх болсон. Эмч нарын баг үзлэг, оношилгооны үеэр ахмадуудад зүрх судас, мэдрэл чиглэлээр тусгайлан тусламж үйлчилгээ үзүүлж, үзлэгийн дагуу монгол эм, танг үнэгүй олгожээ.
Өвөрмонголын Олон улсын Монгол уламжлалт анагаах ухааны эмнэлэг манай улсын бүс нутагт түгээмэл тохиолддог, дахимтгай, архаг хууч өвчний шинж тэмдгийг нэгтгэж, монгол анагаахын эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн эмчилгээний багийг орон нутагт ажиллуулж, эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийх, эмчлэх, зөвлөгөө өгөх, эм хандивлах зэрэг эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээг 18 дахь удаагаа үнэ төлбөргүй зохион байгуулж буй юм.