Зам, тээврийн салбар 74.5 сая тонн ачаа тээвэрлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Зам, тээврийн салбар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн
бодлого “Алсын хараа-2050”-ын хүрээнд ачаа тээврийн урсгалыг сайжруулж, Ази,
Европыг холбосон транзит тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх суурь нөхцлийг
бүрдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Үүний эхний үе шатыг хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд
зам, тээврийн салбарт шинээр 2966 км хатуу хучилттай авто зам, 3358 км төмөр
зам барих, 11 боомтыг хатуу хучилттай авто замаар, дөрвөн боомтыг төмөр замаар холбох төслийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
Монгол Улс 2023 онд Дэлхийн банкнаас гаргасан Логистикийн
индексээр 30 байраар урагшилж 97 дугаар жагсчээ.
Зам, тээврийн салбар 2019 онд буюу дэлхийн нийтийг хамарсан
цар тахал гарахаас өмнө бүх төрлийн тээврээр 69.0 сая.тн ачаа тээвэрлэж байсан
бол цар тахлын дараа буюу 2022 онд 60.8 сая.тн ачаа тээвэрлэжээ. Харин 2023 оны эхний есөн сарын байдлаар бүх төрлийн тээврээр
нийт 74.5 сая.тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс ачаа тээвэр 86.2 хувиар
өссөн үзүүлэлтэй гарчээ. Ачаа
тээврийн өсөлтөд төмөр зам 33.5, автотээвэр 133.5 хувиар өссөн байна.
Үүнээс гадна агаарын
тээврээр 2023 оны эхний есөн
сарын байдлаар нийт 1.3 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад
олон улсын зорчигч 136.5, орон нутгийн зорчигч 27.5 хувиар өсчээ.