Ж.Эрдэнэбат: Монгол улс хөрөнгө оруулалт хийх боломжоор дүүрэн гэдгийг дахин нотолно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-20 15:37:05

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Монгол дахь Америкийн худалдааны танхимын төлөөлөлтэй уулзаж, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлийн Засгийн газраас барьж буй бодлого, хийх ажлын чиглэлийн талаар мэдээлэл хийв.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд шинэ Засгийн газар ирэх 4 жилд баримтлах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулсан. Ойрын хугацаанд эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах хөтөлбөр боловсруулж батлуулах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар боловсруулалт дуусч, УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Засгийн газар ирэх жилүүдэд хэрэгжүүлэх хөгжлийн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэхийн тулд юуны өмнө макро эдийн засгийг тогтворжуулах, сэргээх арга хэмжээ авах шаардлагатай. Үүний тулд өндөр өгөөжтэй хөгжлийн төслүүдээ хөдөлгөх, монголд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, гадны хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд нь эдийн засгийг дахин сэргээхэд онцгой  ач холбобгдолтой гэдгээ  хэллээ.

Ерөнхий сайд цааш хэлсэн үгэндээ "ЗГХЭГ-ын бүтцэд Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулсан. Хөрөнгө оруулагчдад үзүүлж буй дарамт шахалтыг арилгах, төр хувийн хэвшлийнхний дунд үүсч болзошгүй үл ойлголцлыг судалж шийдвэрлэх зэрэг ажлыг хийнэ. Мөн Үндэсний хөгжлийн газрыг байгуулсан. Тус газар нь салбар хоорондын уялдааг хангах, Монгол Улсын ирээдүйн хөгжлийн төлвийг тодорхойлох чиг үүрэгтэй. Монгол Улсын экспортын бүтцийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх болон олон улсын хоёр болон олон талт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн орох асуудлыг Гадаад харилцааны яам хариуцан ажиллана.

Засгийн газрын зүгээс цаашид ч эдийн засаг, бизнесийн эрх зүйн орчны тогтвортой байдлыг чухалчилж, шаардлагатай өөрчлөлт хийхдээ эрх ашиг нь хөндөгдөх этгээдтэй санал солилцож шийдвэрлэх зарчмыг баримтална. Энэ ажлын хүрээнд Америкийн Худалдааны танхим /АмЧам/ Монгол болон МҮХАҮТ, Монголын Бизнесийн зөвлөл зэрэг байгууллага, мөн зарим аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гарал үүслийн гэрчилгээний талаарх санал гомдолд бид онцгой анхаарал хандуулж байна. Засгийн газрын зүгээс худалдааг дэмжих, хөнгөвчлөх үүднээс Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол болох “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-т нэгдэн орж, УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Уг хэлэлцээр нь гаалийн үйлчилгээг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай нэвтрүүлэх, чөлөөтэй дамжин өнгөрөх зарчмыг дэмжих, худалдааны зардлыг бууруулах, хөгжиж буй орнуудад техникийн буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг ач холбогдолтой.

Засгийн газар ХАА-н салбарын хөгжилд анхаарал хандуулж, хот суурины орчимд эрчимжсэн аж ахуй хөгжүүлэх, ложистик сүлжээ бий болгох, энэ салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг түлхүү нэвтрүүлэх замаар эдийн засгийн төрөлжилтийг гүнзгийрүүлэх болно. Эдийн засгийг төрөлжүүлэх өөр нэг боломж болох аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын дагуу үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн хамт, хөдөө аж ахуйн түүхий эдийг илүү үнэ цэнэд хүргэж, экспортод гаргах боломжийг нь нэмэгдүүлэхийн тулд хөнгөн аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Засгийн газраас бүс нутгийн интеграцчлал, экспортын бүтцийг төрөлжүүлэх, худалдааг хөнгөвчлөх үүднээс олон улсын худалдааны хоёр талт болон олон талт гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн орох асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна. Монгол Улс, Япон Улсын хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ оны 6 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд цаашид ч бид худалдааны гол түншүүдтэйгээ олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах, нэгдэн орох чиглэлээр шаргуу ажиллах болно.

Түүнчлэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хувийн хэвшлийг дэмжих зорилгоор манай улсын Засгийн газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна" гэлээ. 

Тэрбээр үгийнхээ төгсгөлд, "Та бүхний хөрөнгө оруулалт, бизнесийн үйлст өндөр амжилт хүсэн ерөөхийн ялдамд Засгийн газрын зүгээс энэхүү ерөөлийг бодит үйл хэрэг болгохын төлөө бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллана. Монгол Улс бол бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх боломжоор дүүрэн, хөрөнгө оруулалтад тааламжтай улс орон гэдгийгээ бид дахин нотлох болно" .

Уулзалтад Монгол Улсад АНУ-аас суух Элчин сайд Женифер Галт болон зарим улсын Элчин сайдууд, олон улсын банк санхүүгийн байгууллагын удирдлагууд оролцов. Гадаад харилцааны сайд өнгөрсөн сард “АмЧам Монгол”-ын ээлжит уулзалтад оролцож, эдийн засгийн гадаад бодлого, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл өгсөн юм.

Б.Туул

 

Холбоотой мэдээ