“Буянт-Ухаа” нисэх буудалд орон нутгийн 60 нислэг үйлджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-10-16 11:27:40

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Олон улсын “Буянт-Ухаа” нисэх буудалд өнгөрсөн 7 хоногт орон нутгийн 60 нислэг үйлджээ. 


Тодруулбал, тусгай үүргийн 9, түргэний 4, ерөнхий зориулалтын 8, дадлагын 37, хөөлтийн 2 нислэг хүлээн авч, бэлэн байдлыг хангаж ажиллажээ.


“Буянт-Ухаа” нисэх буудал олон улс болон орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудлаар ИНЕГ-ын харьяанд ажиллаж байна. Засгийн газрын тогтоолоор тус нисэх буудлыг олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажилллагаанд ашиглахаар шийдвэрлэсэн юм.


Буянт-Ухаа нисэх буудал 1957 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. 1986 онд АХБ-ны дэмжлэгтэйгээр өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийж, 1987 оноос олон улсын нөхцөл шаардлагыг хангасан нисэх буудал болжээ


Үүнээс хойш хийгдсэн томоохон өргөтгөл, шинэчлэл нь манай улсад 2016 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг угтаж хийсэн ажлууд байсан юм. Энэ хүрээнд 2015 онд терминал, зурвасыг хүчитгэсэн бөгөөд өргөтгөлд нийт 15 тэрбум төгрөгийн зардал гаргасан байдаг. Дээд хэмжээний уулзалтад зориулан том хэмжээний 24 агаарын хөлөг зогсох боломжтой болгосон юм.


Олон улсын аэродромд тавих шаардлагын хүрээнд Буянт-Ухаа нисэх буудал нэгдүгээр ангилалд багтдаг. Нэгдүгээр ангиллын нисэх буудал нь энгийнээр хэлбэл том оврын онгоцнуудыг хүлээн авах хүчин чадалтай гэсэн үг юм. 

Гэрэл зургуудыг Т.Чимгээ

Холбоотой мэдээ