Дэлхийн хүнсний өдрийг “Ус бол хүнс, ус бол амьдрал” уриан дор тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-10-16 15:28:16

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дэлхийн хүнсний өдрийг “Ус бол хүнс, ус бол амьдрал” уриан дор өнгөрүүлж байна.


НҮБ-ын ХХААБ байгуулагдсан 10 дугаар сарын 16-ны өдрийг Дэлхийн хүнсний өдөр хэмээн 150 улсад 43 дахь жилдээ, харин манай улс 21 дэх жилдээ тэмдэглэж байгаа юм. Энэ нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, экосистемийн тэнцвэрт байдалд эзлэх ач холбогдлыг таниулах, ололт амжилт, тулгарч буй асуудалд анхаарах хандуулах, гарц, шийдлийг хэлэлцэх, хамтын хүчийг нэгтгэх, хүнсний тогтолцооны тогтвортой хөгжилд хүн бүрийн үүрэг оролцоо чухлыг сануулах зорилготой юм.


НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа, эрдэмтэд усыг зохистой хэрэглэх технологийг гаргаж, газар тариаланч, малчид уснаа хэмнэлттэй ашиглах туршлага хуримлуулах, ус их хэрэглэдэг газар тариалангийн бүтээгдэхүүн тариалахдаа ч бага ус ашиглах технологи нэвтрүүлэхийг зорьж байна. Илүү сайн үйлдвэрлэл, шим тэжээл, илүү сайхан амьдралыг цогцлоохын төлөө хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, тууштай хүчин зүтгэхээ илэрхийллээ.



Дэлхийн нийт гадаргын 71 хувь нь ус боловч, түүний зөвхөн 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг. Цэнгэг усны нөөцийн 72 хувийг хөдөө аж ахуй буюу хоол хүнсний үйлдвэрлэлд зарцуулдаг байна. Тухайлбал зүсэм талх үйлдвэрлэхэд 42 литр, нэг лааз шар айраг үйлдвэрлэхэд 202 литр ус хэрэглэдэг гэхчлэн тооцоход хүн бүр өдөрт 2000-5000 литр ус ашиглан үйлдвэрлэсэн хүнсийг хэрэглэдэг аж. Тухайн хоол хүнсийг хэрхэн үйлдвэрлэдэг нь усны нөөцөд шууд нөлөөлдөг тул энэ талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэх зорилгоор Байгалийн түүхийн музейд Ус бол Хүнс үзэсгэлэн энэ сарын 16-20-нд дэлгэж байна.


Энэ жилийн Дэлхийн хүнсний өдөр онцгой юм. Монгол улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад (ХХААБ) гишүүн орноор элссэн бөгөөд өнгөрсөн 50 жилийн хамтын ажиллагааны ой тохиож байгаа юм. Хагас зуун жилд НҮБ-ын ХХААБ, Монгол Улсын Засгийн газар хамтран 200 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ.


Манай улсын хувьд нийт газар нутгийн 70 гаруй хувь нь их бага хэмжээгээр цөлжилтөд өртсөнөөс 300 гаруй булаг шанд ширгэсэн харамсалтай мэдээ бий. Иймд усны ундрагыг сэргээх, хамгаалах зорилгоор Усны газрыг байгуулаад байгааг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ тэмдэглэж байв.


НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра хэлэхдээ, “Монгол Улс өргөн уудам сайхан газар нутагтай, цөөн хүн амтай ч 2022 онд 70 сая гаруй мал тоолуулсан. Харин энэ оны эхний хагас жилд энэ тоо 80 сая давсан мэдээлэл бий. Ийм олон малтай ч сүү, сүүн бүтээгдэхүүнийг импортоор авдаг нь малын үр ашиг, шимээ бүрэн ашиглаж чадахгүй байгаатай холбоотой. Гэтэл газар нутгийнх нь 70 гаруй хувь цөлжилт, газрын доройтолд өртсөн нь санаа зовоож байна. Иймд малын ашиг шимийг дээшлүүлж, хөдөө аж ахуйг хөгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг сайжруулах ёстой” хэмээсэн юм. 


Тавин жилийн ойг тохиолдуулан хийж бүтээсэн ажил, амжилтыг тусгасан зурган ном болон “Монгол Шуудан ХК-тай хамтран ойн марк бүтээж, маркийн анхны өдрийн нээлтийг хийлээ. “Монгол шуудан” компани 1924 онд шуудангийн анхны маркаа гаргасан бол 165х130мм хэмжээтэй “Монгол Улс НҮБ-ын ХХААБ-д элссэний 50 жил” марк нь 1135 дахь сэдвийн марк болж байна. 

Холбоотой мэдээ